Дэлхийн банк Монгол Улсад 100 сая ам.долларын санхүүжилт олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-13 15:39:28
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны 100 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.


Тус санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олгож байгаа юм. Хөтөлбөрийн эхний санхүүжилт болох 120 сая ам.долларыг 2017 оны 12 дугаар сард олгосон. Харин хоёр дахь шатны 100 сая ам.долларыг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран олгож байна.


Уг санхүүжилт нь төсвийн хөрөнгө оруулалттай төслүүдийн зардлыг бууруулж, үр ашгийг нэмэх, орон сууцны ипотекийн хөтөлбөрийг сайжруулах, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, бизнес худалдааны орчинг сайжруулах, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэнэ.



Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй эдийн засгийн хөтөлбөр үр дүнгээ өгч байна. 2018 онд манай улсын эдийн засаг 7.2 хувь, энэ оны эхний хоёр улирлын байдлаар 7.3 хувиар өссөн. Төсөв эрүүлжиж, зээлжих зэрэглэл өсөж байна. Дэлхийн банкны захирлуудын зөвлөл хоёр сарын өмнө хуралдаж манай улсад 100 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Санхүүжилт олгох хуулийн төслийг өчигдөр УИХ-аар соёрхон баталсан. Энэхүү санхүүжилт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бус төсөвт дэмжлэг үзүүлэх зорилготой юм” хэмээв.



Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев: “Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй эдийн засгийн томоохон хөтөлбөрийг дэмжих чухал санхүүжилтийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон олон улсын түншлэгч байгууллагууд нэгдсэн зөвшилцөлд хүрсэн томоохон хөтөлбөрийн нэг юм. Уг санхүүжилт Монгол Улсын эдийн засаг, өрийн тогтвортой байдал, өрсөлдөх чадварыг сайжруулахад зарцуулах хоёр дахь санхүүжилт болж байна. Бид цаашид ч Монгол Улсын эдийн засгийг шинэчлэхэд дэмжинэ” гэв.



Холбоотой мэдээ