“Таж Махал”-аар сонгогдсон шөнүүдэд зочлох боломжтой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-13 15:17:26

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг үзэсгэлэнт газруудын нэгэн адил Энэтхэгийн “Таж Махал” цогцолбор ч мөн аялагчдын тоо хэт олшрох асуудлыг зохицуулах арга хэмжээнүүдийг авж хэрэгжүүлж байна.


“Таж Махал” цогцолбор оршдог Агра хотын аялал жуулчлалын газрын удирдагуудын мэдээлснээр, уг байгууламж сар бүрийн бүтэн сартай шөнүүдэд болон тухайн өдрийн дараах хоёр шөнө жуулчдыг хүлээн авах ажээ. Ингэснээр жуулчид “Таж Махал”-аар нэг сард таван шөнө аялах боломжтой болжээ.  


Одоогийн байдлаар Таж Махал баасан гарагаас бусад бүх өдөр нар мандахаас жаргах хүртэл жуулчдыг хүлээн авж байгаа юм. Дээрх шийдвэр хэрэгжсэнээр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Дэлхийн өвийн жагсаалтад 1983 онд бүртгэгдсэн "Таж Махал"-ын өөр нэгэн үзэмжийг үзэх боломж жуулчдад олдох ажээ.


Өнгөрсөн оны 12 дугаар сард Энэтхэгийн Засгийн газар “Таж Махал”-ыг үзэж сонирхох тасалбарын үнийг нэмэгдүүлсэн юм. “Таж Махал”-ыг жилд 7 сая хүн үзэж сонирхдогоос үүдэн тус байгууламжийн дотор болон гадна хэсэг сүйдэхэд хүрсэн байна.

Холбоотой мэдээ