Гваделупа арлын эмэгтэйгээс цусны 48 дахь бүлгийг илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ПАРИС, 2025 оны зургаадугаар сарын 24 /new-science/. Францын судлаачид Гваделупа аралд амьдардаг нэгэн эмэгтэйн цуснаас шинэ бүлгийн цус илрүүлжээ. "PigZ" хэмээн нэрлэсэн уг бүлэг нь өнөөг хүртэл бүртгэгдээд буй 48 дахь цусны бүлэг юм.
Энэхүү маш ховор цусны бүлгийг 15 гаруй жилийн туршид хийсэн судалгаа болон уг эмэгтэйн ДНХ-ийн дарааллыг тодорхойлсны үр дүнд илрүүлжээ. Одоогоор уг эмэгтэй нь дэлхий дээр энэ төрлийн цусны бүлэгтэй цорын ганц хүн ажээ. Цусны бүлгийг цусны улаан эсийн гадаргуу дээр тусгай эсрэгтөрөгч /антиген/ байгаа эсвэл байхгүй байгаагаар тодорхойлдог бөгөөд эл эсрэгтөрөгч нь бие махбодь "өөрийн" эсийг "танихгүй эсүүд" - ээс ялгадаг ажээ. Үүнээс өмнө 360 гаруй эсрэгтөрөгч бүхий 47 бүлгийг илрүүлээд байсан юм. Цусны хамгийн түгээмэл бүлэг бол ХХ зууны эхээр Австрийн биологич Карл Ландштейнерын нээсэн АВО бүлэг юм. Энэ бүлэгт А, В, АВ, О бүлгүүд багтдаг.
Цусны бүлгийг зөв тодорхойлох нь чухал байдаг. Учир нь цус сэлбэх үед бүлэг таараагүй тохиолдолд үхэлд хүргэх дархлааны хариу урвал үүсдэг байна. Тухайлбал, A бүлгийн цустай хүнд А эсвэл О бүлгийн цус таардаг бол АВ бүлгийн цустай хүнд бүх бүлгийн цус таардаг ажээ.
Францын Цусны албаны (EFS) мэргэжилтнүүд 2024 онд 46 дахь цусны бүлгийг нээснээс хойш хоёр жилийн дараа 48 дахь бүлгийг нээсэн нь энэ юм.
“Шинэ цусны бүлгүүдийг нээснээр ховор төрлийн цусны бүлэгтэй хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү чанартай үзүүлэх боломжтой” гэж судлаачдын нийтлэлд онцолжээ. Эрдэмтдийн судалгааны дүнг тавдугаар сарын 31-нд Милан хотноо болсон Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэгийн (ISBT) их хурлын үеэр танилцуулсан байна.
Холбоотой мэдээ

