“Жорлонгоо өөрчилье” төслийнхэн “Өвлийн шийдэл”-ээ танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-09-16 18:31:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Жорлонгоо өөрчилье” төслийнхэн буюу “Нутгийн хөгжил” ТББ-ынхан нийслэлд гэр хорооллын жорлонгоос эхлээд гэр, байшинаа дулаалах “Өвлийн шийдэл”-ээ өнөөдөр танилцууллаа.

Энэ нь гэр хорооллын гадаах жорлонгийн угаадас болон өтгөн, шингэн бохирыг 1-2 метр зайд шилжүүлэн шүүж, боловсруулан өтгөнийг бордоо болгох цогц систем юм байна. Жорлонд нь Европ стандартын, шүүлтүүртэй, үнэр гаргадаггүй суултуурыг суурилуулжээ. Үүнээс гадна жорлонгийн дулаалгыг мөн танилцууллаа.


Гэр хорооллын айлуудад зориулан хийж буй дээрх шийдэл бүхий эко жорлонг өвөл айлуудын үүдний амбаарт байрлуулж болох юм байна. Ингэснээр иргэд бие засахдаа даарч, хөрөхгүй, хүүхдүүд жорлонд унана гэсэн эрсдэлгүй болж буйг “Нутгийн хөгжил” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм.  


Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Хүний хөгжлийн төв дээр болсон танилцуулах уулзалт утааг хэрхэн багагсгах талаар “Нутгийн хөгжил” ТББ-аас явуулсан сургалтаар үргэлжилсэн юм. Сургалтынхаа үеэр Ц.Оюунгэрэл, “Агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон утааг арилгах нь нэг айлаас эхэлж, хөрш айлуудыг нэгтгэн нэг хэсэг өрх болж, цаашлаад хороо, дүүрэг, хотоороо утаанаас ангижирна. Тиймээс юуны өмнө гэр, байшингаа дулаалж, өдөр 2-3 галладаг бол нэг сайн галллаж багасгаснаар түүхий нүүрсний шаталтаас ялгардаг тоосонцороос эхний ээлжинд салья” хэмээн гэр хорооллынхныг уриалж байлаа.




Сургалт болон уулзалтын үеэр “Нутгийн хөгжил” ТББ, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран гэр хорооллынхонд сургалт явуулж ажиллах санамж бичиг байгуулж, “Нутгийн хөгжил” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагыг төлөөлж Монгол дахь тус байгууллагын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул нар гарын үсэг зурсан юм.

Ийнхүү “Жорлонгоо өөрчилье” төслийнхэн хөдөө, орон нутагт явуулсан ажлаа нийслэлд шилжүүлэн гэр хорооллын айл өрхөд үргэлжлүүлэн ажиллаж байна. Ингэхдээ гэр орныхоо дулаалгыг жорлонтойгоо хамт хийн шийдэх гарцыг танилцуулахаас эхэллээ.


 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ