Байшин, орон сууцны тооллогын сургагч багш нарыг бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-17 13:10:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Байшин орон сууцны тооллогын говийн аймгуудын сургагч багшийг бэлтгэх сургалтыг есдүгээр сарын 14-16-ны өдөр Дундговь аймагт зохион байгууллаа. 

Сургалтад Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон, Сайнцагаан суманд ажиллах тоологч нар нийт 39 хүн оролцож, байшин, орон сууцны тооллогын удирдлага зохион байгуулалт, ойлголт үзүүлэлт, програмын ажиллагааны талаар мэдлэгтэй болжээ.

Байшин орон сууцны тооллогыг 2019 оны есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 12-нд говийн аймгуудад зохион байгуулна.

Энэхүү тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа хүн амьдран суух зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болоход оршиж байгаа юм.

Монгол Улс анх 1960 онд орон сууцны фондын тооллого хийж байснаас хойш 59 жилийн дараа болж байгаагаараа энэ удаагийн тооллого онцлогтой бөгөөд тооллогыг хаягийн зурагт суурилан газарзүйн мэдээллийн систем, мэдээлэл цуглуулалтын шинэ арга ашиглан хийх ажээ.

Байшин орон сууцны тооллого хийснээр хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийг оновчтой боловсруулахад шаардагдах тоо мэдээллийг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгуудын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход хэрэгцээтэй анхдагч мэдээлэлтэй болоход ихээхэн ач холбогдолтой юм.

Тус сургалтыг Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Үндэсний статистикийн хорооны Мэдээлэл технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн нар нээж, ҮСХ-ны МТГ-ын референт Г.Жаргал, ХАОСТТ-ны статистикч И.Цэрэндулам, Р.Батхишиг, Э.Билгүүн нар удирдан явуулсан байна.

 

Холбоотой мэдээ