Аймгуудын ХАА-н бүтээгдэхүүнийг нийслэлд танилцуулна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-09-17 12:08:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн-худалдааг ХАА-н бирж болон Монголын ХАА-н хоршоологчдын Үндэсний холбооноос хамтран энэ есдүгээр сарын 25-30-нд “Лавай” худалдааны төвд зохион байгуулах гэж байна.

“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр,  “Мах сүүний анхдугаар” аян,  “Атрын III” аян,  “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд болох энэхүү үзэсгэлэн худалдаагаар 21 аймгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг танилцуулах юм. Үзэсгэлэн-худалдаагаар үйлдвэрлэгч, хоршоод, ААН, малчдын гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан хүнсийг нийслэлийн хэрэглэгчдэд дундын зуучлагч, дамжлагаггүйгээр хүргэх аж. Мөн малчид, хоршоодыг дэмжих, зах зээлд оролцох боломжийг бүрдүүлэх зорилготойг зохион байгуулагчид хэлж байна.


Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэж давтамжтайгаар зохион байгуулснаар ХАА-н бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болох эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах, дундын шат дамжлагыг багасгах зэрэг ач холбогдолтой гэж байна. Үзэсгэлэн-худалдаанд ХАА-н хоршоод болон мал аж ахуй эрхлэгчид мах, цагаан идээ, хүнсний ногоогоор оролцох боломжтой юм. Мах худалдаалах хүсэлтэй иргэд, ААН, хоршоог ХАА-н биржид бүртгэж байна.


Холбоотой мэдээ