М.Риза: Хөдөөгийн багийн иргэдийг эргэлтийн эмийн сантай болгох зайлшгүй шаардлагатай

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-25 09:57:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн баруун захад оршдог Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 31 дэх жилдээ багийн эмчээр ажиллаж байгаа  М.Ризатай ярилцлаа. 

Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн байцгаана уу. Намайг Магауиягийн Риза гэдэг. Цэнгэл сумын гуравдугаар багт 31 дэх жилдээ эмчээр ажиллаж байна.

Цэнгэл сумын гуравдугаар багийн иргэд сумын төвөөс хэр зайтай газарт оршин суудаг вэ?

- Зуны улиралд 200 орчим км газарт нүүж очиж зусдаг. Хавар 100 км орчим зайтай газарт малаа төллүүлдэг. Харин өвөл хоёр хуваагдаж 20-40 км газарт тархай бутархай өвөлждөг юм.

Таны хувьд багтаа хэдэн хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг вэ?

- Манай баг 300 гаруй өрх, 1500 хүн амтай. Анх багийн эмчээр ажиллаж эхэлснээс хойш ийм тооны хүнд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.  

Сард хэдэн удаа дуудлагаар явдаг вэ?

- Ханиад томууны үед дуудлага маш ихээр нэмэгддэг. Сард дунджаар 30-40 удаа дуудлагаар явна. Миний хувьд багийн иргэдийн дийлэнх хэсэг нь хаашаа нүүнэ, гэр бүлээрээ тийшээгээ нүүж очно. Ингэхдээ нүүлгүй хойшоо үлдчихсэн айл өрхүүдийг ч эргэж, дуудлагаар очиж байдаг. Хүн амын тархай бутархай байрласан байдлаас үл хамааран мотоциклоороо дуудлага өгсөн өвчтөн бүрд үйлчилгээ үзүүлдэг. 

Дуудлага өгсөн газарт байнга мотоциклоор очно гэсэн үг үү?

- Анх багийн эмчээр томилогдоход мориор, заримдаа явган явдаг байлаа. Тухайн үед харилцаа холбоо хөгжөөгүй байсан тул зарим тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүдийг гэрт нь эх барьдаг байсан. Сүүлийн жилүүдэд улсаас мотоцикл өгч байгаа. Малчдаас дуудлага ирвэл мотоциклоо нөхрөөрөө жолоодуулж очдог. Харамсалтай нь сумаас сардаа 10 литр л шатахуун өгдөг. Энэ нь юунд ч хүрдэггүй, ихэнхдээ өөрийнхөө мөнгөөр шатахуун хийж явж байна. Сэлбэгийн зардал гэж огт байхгүй. Манай багт жилд ойролцоогоор 40 гаруй эх амарждаг. Дээрээс нь амаржсан эх, шинээр төрсөн хүүхдийг таван нас хүртэл нь эргэж байх шаардлага тавьдаг. Түүнээс гадна манайх багийнхаа айл өрхүүдийг дагаж жилд дөрвөн удаа нүүдэг тул нүүдэл суудалд гэхэд л 400 литр шатахууныг хувиаса зарцуулдаг. Бензин тосны асуудал маш хүнд байгаа. Энэ бол манай аймгийн бүх багийн эмч нарт тулгамдаж байгаа нийтлэг асуудал юм.     

Танай нөхөр дуудлага гарах бүрт хамт явдаг уу?

- Тийм ээ, байнга хамт явдаг. Эрс тэс уур амьсгалтай, уулын бүсэд оршдог сумын хувьд эмэгтэй хүн мотоцикл унаад ганцаараа явна гэж байхгүй шүү дээ. Миний ажлын онцлогоос хамааран нөхөр маань өөр ажил хийж чаддаггүй, улсаас авсан цалин ч байхгүй 30 гаруй жил багийн эмчийн жолоочийн үүргийг гүйцэтгэж байна. Бүр нялх хүүхдээ орхих хүнгүй тул дуудлагад хамт авч явсан үеүүд ч бий.  Нөгөө талаар эмч хүний ажлын хариуцлага маш өндөр шүү  дээ. Дуудлага гарвал хувийн ажил амьдралаа орхиод заавал очно.  

Өвдсөн хүмүүст анхан шатны тусламж үзүүлэхээр очиход мэдээж эмийн хэрэгцээ гарах байх. Багийн эмч нарт улсаас эм өгдөг үү?

- Багийн эмч нарт төрөөс эм олгодоггүй. Харин өвдсөн хүмүүст эмгүй гар хоосон очвол "галаар ариутгахаар ирээ юу" гэж загнуулна. Тийм учраас дуудлага ирвэл зайлшгүй шаардлагатай гэсэн эмүүдээ өөрсдөө зээлээр авч очдог. Хөдөөгийн малчид ихэнхдээ бэлэн мөнгөгүй сууж байдаг тул аваачсан эмийг бас л зээлээр тарааж, дараа нь мөнгийг нь олж авдаг юм. Багийн эмч нар эмийн нөөцгүй гэдгийг хүн бүр ойлгоод байдаггүй тул хэрэглэсэн эмийнхээ үнийг буцааж төлдөггүй иргэд ч байдаг.

Та дээр 1500 хүнийг хариуцан ажиллаж байна гэлээ. Холбогдох норм стандартын дагуу ийм тооны хүнд хэдэн эмч үйлчилгээ үзүүлэх ёстой вэ?

- Зарим аймагт 1500 хүн амтай сум хүртэл байгаа шүү дээ. Манай баг ганцхан эмчтэй тул маш их ачаалалтай. Стандартын дагуу 500 хүнд нэг бага эмч үйлчлэх ёстой ч энэ зарчим алдагдаад байгаа. Гэхдээ сүүлийн үед багуудад нэг нэг эмч нэмж ажиллуулах асуудал яригдаж байгаа юм байна.

Та гартаа хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

- Одоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар гэж суутгаад гартаа 700 гаруй мянган төгрөг авна. Гэхдээ цалингийн зээлтэй, ажлын онцлог өөр гээд хүрэлцдэггүй.

Алслагдсан бүс нутагт ажиллаж байгаа багийн эмч нарын хувьд нэн тэргүүнд зайлшгүй шийдвэрлэх ямар асуудлууд байна?

- Хамгийн түрүүнд шатахууны асуудал байна. Ялангуяа манайх шиг 200 км газарт жилд дөрвөн удаа нүүдэг нүүдлийн багуудыг төр засаг маань харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Дараа нь хөдөөгийн багийн иргэдийг эргэлтийн эмийн сантай болгох зайлшгүй шаардлагатай. Эмч нар цалингаасаа эм авч тарааж байх нь үнэхээр хэцүү шүү дээ. 

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье.      

Холбоотой мэдээ