Малын вакциныг дур мэдэн малд хийхгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭБулган аймгийн мал аж ахуйн мэргэжилтнүүд нэгэн дор цугларч, өнгөрсөн оны амжилт ололт, алдаа дутагдлаа хэлэлцэж ирэх оны төсөв төлөвлөгөөгөө баталлаа.
Тэдний зөвлөлгөөнийг нээж Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Та бүхний хөдөлмөр зүтгэл, ажлын үр шимийн хүчээр бид мал сүргийн үйлдвэрлэл чанарыг сайжруулахаар хичээн ажиллаж байна, тийм ч учраас нэг малаас авах ашиг шим өмнөх жилүүдээс 8 хувиар нэмэгдсэн гэсэн статистик судалгаа гарсан байна. Энэ хэвээрээ хичээн ажиллаж, мал аж ахуйг хөгжүүлэх үйлсдээ улам их амжилт гаргаарай” хэмээн уриаллаа.
Булган аймгийн ИХТ –ын дарга Д.Батсайхан “ Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн онд малын галзуу өвчин 34, дуут хавдар 6, салст халуурал 3, цусан халдварт өвчин 39 гарсан нь бага тоо биш, энэ нь малын эмч та нар өөрсдөө шаардлага хангахгүй эм, вакцин, тариаг Эрээнээс дур мэдэн авчирч малдаа хийж байгаатай холбоотой, цаашид энэ тал дээр анхаарч өөрсдийн дураар хэн хэзээ авчирсан нь мэдэгдэхгүй тариа вакциныг гараас гарт дамжуулан малд хийхгүй байх тал дээр анхаараарай” хэмээн тэдэнд анхаарууллаа.
П.Батням