Хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нөхөн олговор олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-27 17:30:04

Ховд /МОНЦАМЭ/. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээн авах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгажээ.

Улмаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80,0 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн хүмүүст 40,0 сая төгрөг тус тус олгохоор тусгасан байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын хэмжээнд 794 иргэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөн олговор олгох шийдвэр гарсан. Үүний 20 гаруй нь Ховд аймгийн харьяат иргэн аж.

Одоогийн байдлаар тус аймгийн 14 иргэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст нөхөн олговор авах хүсэлт ирүүлсэн байна. Тэдний нэг болох Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн иргэн Г.Бармаа 40 сая төгрөгийн нөхөн олговор авлаа.

Түүнийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хүлээн авч уулзаж, 40 сая төгрөгийн батламж олгосон юм. Иргэн Г.Бармаагийн аав Гомбосүрэнг 10 жил хорих ялаар шийтгэж байжээ.
Ховд аймгийн хэмжээнд 2001-2007 онд 260 гаруй хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд нөхөн олговор авсан байдаг. 

 

 

 

 

 


 

 

 

 

Холбоотой мэдээ