Шилдгийн шилдэг багшийг орон сууцаар шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-30 09:53:02

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачилж аймгийн ЗДТГ-тай хамтран есдүгээр сарын 28-нд зохион байгуулсан "Алтан зул-2019" наадмын шилдгийн шилдэг багшаар Замын-Үүд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн математикийн багш Г.Батхишиг шалгарч хоёр өрөө байрны эзэн боллоо.

Г.Батхишиг багш 1998 онд хуучнаар УБИС-ийг төгсөж математикийн багш мэргэжил эзэмшин Замын-Үүдийн нэгдүгээр сургуульд ажиллажээ.

Хорь гаруй жил ажиллах хугацаанд түүний шавь нар улс, аймгийн математикийн олимпиадад удаа дараа амжилт үзүүлж орон нутгийнхаа нэрийг гаргасан байна.

Тухайлбал, шавь Д.Энх-Амгалан улсын сэтгэх чадварын олимпиадад 2016, 2017 онд алт, хүрэл медаль хүртэж эдүгээ МУИС-д эдийн засгийн мэргэжлээр сурч байгаа бол нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Дөлгөөн улсын сэтгэх чадварын олимпиадад сүүлийн хоёр жил хошой мөнгөн медаль хүртжээ.

Математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурагчдын сэтгэх чадварыг сайжруулах зорилгоор Замын-Үүдийн нэгдүгээр сургуулиас Замын-Үүдийн аварга шалгаруулах математикийн олимпиадыг зохион байгуулж ирсэн бөгөөд Батхишиг багш мөн л шавь нараа оролцуулж жил бүр амжилт гаргаж байна.

Хамгийн сүүлд төвийн бүсийн аймгуудын уулзвар бүсийн математикийн олимпиад энэ онд Булган аймагт болоход Замын-Үүдийн хүүхдүүд багаараа түрүүлж алтан медалийн эзэд болжээ.

Шилдгийн шилдэг багшийн шагналыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гардуулан баяр хүргэж, амжилт хүсэв.


Холбоотой мэдээ