Хөвсгөл нууранд живсэн автомашиныг гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-03 09:18:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн хавар Хөвсгөл нууранд живсэн автомашиныг гаргав.

Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Доод булан гэдэг газар иргэн Б-гийн Лексус-470 загварын суудлын автомашин энэ оны хоёрдугаар сарын 06-ны өдөр живсэн юм.Тус газарт аймгийн Онцгой байдлын газрын аврагчид эрэн хайх ажиллагаа явуулсан боловч тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан живсэн автомашиныг гаргах боломжгүй байсан юм.

Автомашины эзэн Б энэ сарын 30-ны өдөр тухайн автомашиныг нуурын уснаас татан гаргаж өгөх хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Хүсэлтийн дагуу тус өдөр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын долоон алба хаагч, хоёр автомашинтай 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийн, автомашиныг ган таталгаар холбон Катераар чирж нуурын эргээс 200 метрийн зайд авчирчээ. 10 дугаар сарын 1-ний өдрийн 10 цагаас эхлэн ажиллаж 15:45 цагт усанд живсэн автомашиныг нуурын эрэг дээр гарган иргэн Б-д хүлээлгэн өгсөн байна. 

Холбоотой мэдээ