Д.Октябрь: Хэцүү гэж бодохоосоо илүү би хийх ёстой гэж боддог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагтаа дэд бүтцийн салбарын хөгжлөөрөө манлайлж буй жишиг сумдын нэг бол Зэрэг. Тиймээс Улсын тэргүүний Зэрэг сумын Засаг дарга Д.Октябрьтай уулзаж, орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, цаг үеийн ажил, цаашдын бодлого, зорилтын талаар ярилцлаа.
-Та ажил, амьдралынхаа замналаас хуваалцахгүй юу?
-Би сургууль төгссөн цагаасаа хойш сумандаа багш, хичээлийн эрхлэгч, захирал, нийгмийн ажилтан, Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2008 оноос эхлэн сумын Засаг даргаар гурав дахь удаагаа сонгогдон 11 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр зургаан удаа сонгогдож, төрийн байгууллагад нийт 27 жил ажиллаж байна.
-Эмэгтэй хүн айл гэрийн ачааг үүрэхээс гадна “Сум” гэдэг том айлыг удирдах амаргүй биз?
-Ер нь удирдах ажил амаргүй л
дээ. Хүнээс их зүйл шаарддаг. Гэхдээ эцэг, эхээс өвлөсөн ажилч хичээнгүй,
шударга, шаргуу зэрэг олон чанарыг түшиглэн сумын
иргэдийнхээ
итгэл, сэтгэл, дэмжлэгээр өдий хүртэл тэжээгдэж, төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө зүтгэж явна. Хэцүү гэж бодохоосоо илүү би
хийх ёстой гэж боддог. Биеэ засаад гэрээ
зас, гэрээ
засаад төрөө зас гэж ардын сайхан үг бий. Нөхөр маань сумын Соёлын байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна. Гурван хүүхэдтэй. Том хүү маань КТМИС, СЭЗДС-ийг тус
тус төгссөн, программист, эдийн засагч мэргэжилтэй. Ганц охин минь МУИС, БНСУ-ын Конгжугийн урлагийн их
сургуулийг төгссөн.
Харин бага хүү минь
ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн ангийг төгслөө. Одоо тус тусын
мэргэжлээрээ ажиллаж байна. Төрийн ажлын хажуугаар гэр бүлийнхээ ажил,
амьдралыг зохицуулаад сурсан.
-Малчдаа эргэж тойрон уул хадаар морь, тэмээгээр явах тохиолдол олон
байдаг уу?
-Манай сумын хувьд
нүүдлийн соёлыг жинхэнэ утгаар нь авч үлдсэн. Иймээс бид сумынхаа 90
жилийн ойгоор Улаанбаатар хотын Нутгийн зөвлөлтэй хамтарч “Өв тээсэн нүүдэл”
хэмээх баримтат кино хийсэн. Энэ кино үнэхээр олонд танигдаж, гадаад, дотоодын аялал жуулчлалыг татсан.
Улмаар сум орон нутгийнхаа ёс заншил, байгаль орчныг сурталчилсан
бүтээл болсон юм.
Ер нь малчид, ард иргэд маань зусландаа тэмээгээ ачиж, морио унахаас өөр арга
байхгүй. Ийм болохоор Баатархайрханы нуруу, Баатарын мянган салааг бүгдийг нь
мориор явж үзсэн. Шаардлагатай үед хэдийд ч, хаана ч очно шүү дээ.
-Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Сумын төвийн шинэчлэл” төсөл Зэрэг суманд хэрэгжсэн. Энэ талаар?
-Төслийн хүрээнд бүх төсөвт байгууллага, тохилог орон сууц, 80 гаруй аж ахуйн нэгж, айл өрхүүд нэгдсэн дулаан, цэвэр бохирын системд бүрэн холбогдсон. 100 хүүхдийн шинэ цэцэрлэг болон 100м3–ын хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж барьсан. Эрчим хүчний нэмэлт эх үүсвэрээр хангагдсан зэрэг нэлээд ажил хийсэн.
Үүнээс гадна хувийн
хөрөнгө оруулалтаар “Алтан тээл” цэцэрлэгт хүрээлэн, дөрвөн давхар 12 айлын орон сууц болон таван
давхар 24 айлын орон сууц, нэг ээлжиндээ 30-40 хүн хүлээн авах хүчин чадалтай зочид буудал, зоогийн
газартай болсон.
Түүнчлэн бусад эх үүсвэрээр аймгийн төвтэй хатуу
хучилттай замаар холбогдсон бөгөөд
сумын төв дотор 3,1 км авто зам, 2 км явган хүний зам, гэрэлтүүлэг барьсан. Төв
зам дагуу байрлалтай халуун устай.
Иймд хол ойрын зочин гийчин тасардаггүй “Хөдөөгийн тосгон”
болсон шүү дээ.
-Энэ онд хөдөө аж ахуйн салбар болон малчдыг дэмжихэд чиглэсэн ямар ажил
хийсэн
-2019 онд Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтарч 20.0 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар таван багийн 23 залуу малчин өрхийг малжууллаа. Мөн “Малчин эмэгтэйчүүд”-ийн чуулга уулзалт зохион байгуулсан. Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран ажиллаж Малчин залуучуудын өдөрлөг зохион байгуулж, орон нутгийн зуслангийн замыг заслаа. Цаашид мал аж ахуйгаас гадна газар тариаланг түлхүү хөгжүүлэх бодолтой байгаа. Тухайлбал: Газар тариалангийн гол бүс нутаг Цагаан бургасны услалтын системийг сэргээн засварлах, 40-50 га талбайд төмс, хүнсний ногоо, үр тариа тариалах боломжийг бий болгох, улмаар иж бүрэн тохижуулна гэж төлөвлөж байна.
- Зэрэг суманд энэ онд бүтээн байгуулалтын хэчнээн ажил хийж байна вэ?
-Энэ онд
манай суманд улсын болон аймгийн төсөв,
Орон нутгийн хөгжлийн сангаар нийт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалт, бүтээн байгуулалтын
ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Цагдаагийн замын хөдөлгөөний
байнгын постыг 79.5 сая төгрөгөөр “Богоч
констракшн”ХХК хийж, ашиглалтад хүлээн авлаа. Нутгийн удирдлагын ордны барилгыг улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалтаар барьж байна.
Зэрэг сумын
хувьд усны асуудал хүндрэлтэй байдаг. Иймээс Мээрэнгийн ам гэх
газраас суваг
татах,
сумын төв рүү ус
оруулж ирэх ажлыг эхлээд байна. Ингэснээр хөдөө нутаг, сумын төвд мод, хүнсний ногоо тарих боломж бүрдэх юм. Бидний зорилго бол хэрвээ
төсөв нь цаашид бүрэн шийдэгдээд төлөвлөсөн
ажлаа хийж чадвал хөдөөд усан сан
төдийгүй “Усан бассейн”-тэй болох,
“Ногоон сум” болох зорилгоо биелүүлж чадна. Энэ бол бидний мөрөөдөл. Биелэх байхаа гэж
бодож байна.
Үүнээс гадна Гүвээ,
Эхэн багт 64 сая төгрөгийн хөрөнгөөр гүн
өрмийн хоёр
худаг, нэг угаалгын ванн барих гэж байна. Эхэн багийн
төвийн 20 гаруй малчин өрхийг ОНХС-гийн 35 сая төгрөгийн
хөрөнгө оруулалтаар эрчим хүчний
эх үүсвэрт холбосон. Мөн нэгдсэн дулааны “Тээлийн илч”
ОНӨААТҮГ-ыг 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгааны нэмэлт эх үүсвэртэй болгосон. Сумын
Эрүүл мэндийн төвийн дуудлагын машиныг шинэчилж, 2 багийн эмчийг унаажууллаа. Сумын ОНХС-гийн дэмжлэгээр сумын төвийн
гудамж, талбайг тохижуулах, сүүдрэвч сандалтай болгох, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, гарц зогсоол барих, ногоон
байгууламжийн талбайг хашаажуулах, нярайн
шарлагын аппарат худалдан авах,
гүүр засварлах, хадлангийн талбайг бордоожуулах
зэрэг нэлээд ажлыг иргэд, олон нийтийн оролцоотой хийж байна.
-Улсын тэргүүний Зэрэг сумын
цаашдын зорилт юу вэ?
-2020 онд сумын ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ой болно.
Энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан бэлтгэл
ажилдаа ороод явж байна. Улмаар
2024 онд сумын 100 жилийн ой болно. Тиймээс сумынхаа нийгэм, эдийн засгийн сүүлийн 10
гаруй жилийн статистик, дүн мэдээг салбар бүрээр нарийвчлан гаргасан. Мөн судалгаа шинжилгээ хийсний үр дүнд ойрын
жилүүдэд хийх 100 бүтээлч ажлын жагсаалт гаргаж эрэмбэлэхээр иргэдээсээ санал
авч,
хэлэлцүүлэг
үе шаттай зохион байгуулж байна.
Түүнчлэн Монголын
хөл бөмбөгийн холбоотой хамтарч, сумандаа хөл бөмбөгийн талбайтай болно. Төрийн албан хаагчдыг ээлж
дараатайгаар орон сууцжуулна. Урлаг, спортын
ордонтой болно. Аялал
жуулчлалыг хөгжүүлнэ. Сумын гудамж талбайгаа нэмж
тохижуулна. Жижиг
дунд үйлдвэрлэл эрхлэгчид,
Иргэний нийгмийн байгууллагыг бодлогоор дэмжих, хамтын ажиллагааг шинэ
шатанд гаргана гээд л төлөвлөсөн,
хийх ажил нэлээд бий.
-Есдүгээр сард Зэрэг сум ямар онцлог ажил хийв?
-Энэ жилийн хувьд зуншлага
сайн байсан учраас малчид, иргэд маань хадлангаа сайтар базаан авч байна.
Одоогийн байдлаар Монгол, БНСУ, БНХАУ, ОХУ гэсэн дөрвөн улсын хамтарсан “Олон улсын кино фестиваль”-д оролцох хөдөөгийн нүүдлийн соёлыг харуулсан уран сайхны киноны зураг авалтын ажил манай суманд явж байна. Жүжигчин Ким Ду Хан, Батаа, Ундрал, Доржеев нарын 50 гаруй уран бүтээлч ирсэн байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу есдүгээр сарын 24-нд Зэрэг сумынхаа “Сум сурталчлах өдөр”-ийг аймгийн төвд зохион байгуулсан.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
