Өсвөр насны хүү рүү гал нээснийг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-03 08:30:22

ХОНКОНГ. /NHK/. Мягмар гарагт БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсэд өрнөсөн жагсаалын үеэр цагдаагийн ажилтан нэгэн өсвөр насны хүү рүү гал нээснийг Хонконгийн оршин суугчид зэмлэн буруушаасан байна. 


Хонконгт дөрвөн сарын өмнөөс өрнөж эхэлсэн жагсаалын үеэр цагдаагийн ажилтны бууны суманд өртсөн анхны хохирогч нь ахлах сургуулийн 18 настай сурагч байсан бөгөөд тэрбээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр болсон жагсаалд оролцож байжээ.


Уг цагдаа биеэ хамгаалахын тулд гал нээсэн гэж цагдаагийн газар үзэж байгаа боловч цагдаагийн ажилтан галт зэвсэг хэрэглэсэн нь олон нийтийн дургүйцэл улам нэмэгдэхэд хүргэжээ. Мөн жагсагчид хүүг хурдан эдгэхийг ерөөн цаасан шувуу хийсэн байна. 


Лхагва гарагт хүүгийн сурдаг сургуулийн ойролцоо болсон жагсаалын үеэр иргэд “Бидний хүүхдүүд рүү битгий бууд” гэсэн уриа лоозонг барьсан байжээ. Түүнчлэн зарим жагсагч догширч, цагдаагийн газрын байрнууд руу шатахуун бүхий бөмбөг шидсэн байна. Цагдаа нар цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. 

Холбоотой мэдээ