Фэйсбүүкийн криптовалют дэмжлэгээ алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-03 15:48:46

НЬЮ-ЙОРК. /AP/. "Libra" криптовалютыг танилцуулах үед Фэйсбүүкийн санаачилсан төслийг олон арван түншүүд дэмжиж байв. Гэвч одоо уг төсөл АНУ-ын санхүүгийн зохицуулагч, улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа энэ үед тус нийгмийн сүлжээ ганцаараа үлдэх эрсдэлтэй тулгарчээ.


“The Wall Street Journal” сонинд мэдээлснээр, хамтран ажиллана гэж өмнө нь мэдэгдэж байсан компаниудын төлөөлөгчид "Libra"-г дэмжинэ гэдгээ олон нийтэд мэдэгдэх хүсэлтээс татгалзжээ. Олон улсын төлбөрийн систем болох Виза, Мастеркарт уг төсөлд оролцохоос татгалзахад бэлэн байгаа тухай нэрээ нууцалсан эх сурвалжууд “The Wall Street Journal” сонинд мэдээлсэн байна.


Фэйсбүүкийн "Libra" төслийн удирдагч Дэвид Маркус дээрх мэдээлэлд твиттер хуудсаараа дамжуулан хариу мэдэгдэл хийхдээ, "Libra" Холбооны түншүүдийн албан ёсны жагсаалтыг зөвхөн ирэх долоо хоногт л бүрдүүлнэ гэжээ.


"Libra" төслийг 2020 онд хэрэгжүүлэх төлөвтэй байгаа бол Facebook-ийн охин компани болох "Calibra" уг криптовалютаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэх аж. Хэрэглэгчид тусгай хэтэвчээр дамжуулан криптовалютаар төлбөр тооцоо хийх боломжтой бөгөөд үүний тулд эхлээд "Facebook Messenger" болон "WhatsApp"-ыг ашиглах боломжтой бол дараа жил нь "Android", "iOS" үйлдлийн системд зориулсан тусдаа программ ашиглах боломжтой болох аж.


Холбоотой мэдээ