Монголын баг, Азийн шилдэг багаар хичээл заалгаж, ур чадвараа ахиуллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-11 13:36:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын “Сайтама 2002” цэнгэлдэх хүрээлэн өчигдөр /2019.10.10/ 18 цаг 35 минутаас 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтын “F” хэсэгт учраа таарсан Япон, Монголын шигшээ багийн тоглолт болж япончууд 6:0-ээр илүүрхэн хожлоо.


Тоглолтын эхний гоолыг Японы шигшээ багийн хагас хамгаалагч Такүми Минамино 23 дахь минутад орууллаа. Үүнээс хойш 34, 40 дэх минутад мөн л Японы тал Монголын багийн хаалганд гоол оруулснаар тоглолтын эхний хэсэг өндөрлөсөн.


Монголын шигшээ баг энэ өдөр 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт өрсөлдөж буй хэсгийнхээ хамгийн хүчтэй баг, дэлхийн чансааны 31, Азийн чансааны 2-т бичигддэг Японы багтай хүч үзэж өөрсдийн ур чадварын түвшин ямар байгааг бие, сэтгэлээр мэдэрсэн ховорхон завшаан байсан гэж болно. Европын топ таван лигт тоглодог шилдэг тоглогчдоос бүрдсэн Японы шигшээ багтай нүүр тулсан манай залуус минут, секунд бүрийг үр дүнтэй, анхааралтай, хичээл зүтгэлтэй өнгөрүүлснийг монголчууд үнэлсэн, эх орныхоо төлөө чадах бүхнээ хийлээ гэж дүгнэж, цаашид энэ эрчээ алдалгүй шургуу хичээж суралцвал амжилт болон чансаагаа ахиулах боломж байгаа нь харагдлаа.

Энэ удаа бид зөвхөн хамгаалсан тоглолтыг гаргасан бөгөөд эхний үед манай шигшээ баг дөрвөн гоол алдсан. Гоолыг “Салзбург” клубийн Такуми Минамино, “Соутхэмтон”-ы Маяа Ёошида, “Галатасарай” клубийн Юүто Нагамото, “Токио” клуб Кенсукей Нагай гэсэн шилдэг тоглогчид орууллаа. Сүүлийн хагаст манай залуус хамгаалалтаа үргэлжлүүлж, хянуур тоглосноор нэмж хоёр гоол алдан үндсэн цагт 6:0-ээр тэмцээнээ дуусгасан юм. Германы Бундес лигийн “Штутгарт”-ын Эндо Ватару, “Айтрахт Франкфурт”-ын Дайчи Камада гэсэн дэлхийд данстай тоглогчид хоёрдугаар үед тус тус нэг гоолыг манай хаалганд оруулж амжсан.

Хамгийн гайхалтай нь “Сайтама” цэнгэлдэх дүүрэн үзэгч /63700 суудалтай/ энэ тоглолтыг ирж сонирхсон бөгөөд япончууд төдийгүй японы шигшээ багийн тамирчдын өндөр соёл хүндлэл нь үнэхээр бахархууштай байсныг онцлох учиртай. Монголын шигшээ баг 10 дугаар сарын 15-нд эх нутагтаа дэлхийн чансааны 97 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа Киргизийн шигшээ багтай тоглоно. Анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эхний даваагаа давсан Монголын үндэсний шигшээ багийн залуус тоглолт бүрээс туршлага хуримтлуулж, ирээдүйн том амжилтынхаа эхлэлийг тавьж байгаа билээ.


Монголчууд, өнгөрсөн 2-3 жилд манай шигшээ багийн хувьд маш сайн үр дүнг үзүүлж байгаа бөгөөд энэ удаа ч тоглолтын хоёрдугаар үед илүү их хичээж, амжилт гаргаж тоглолоо гэж дүгнэж байна. Монголын шигшээ баг 2001 оноос хойш хамгийн өндөр чансаатай багтай тоглосон тохиолдол энэ боллоо. Япон 31, Монгол 183.  Тоглолт болох Сайтама цэнгэлдэх хүрээлэн нь 63,700 хүний багтаамжтай. Япон-Монгол тоглолтын тасалбар Японд 1000-8200 иен буюу төгрөгөөр 24800₮ – 203,000₮-ийн үнэтэй худалдаалагджээ.


Энэ өдөр болж өнгөрсөн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаас Монголын шигшээ баг Японы эсрэг боломжийн үр дүн үзүүлсэн талаар хөлбөмбөг сонирхогчид онцолж байгаа бөгөөд бодит байдал ч харууллаа. Ази тивийн багуудын чансааг тэргүүлэгч Иран талбайдаа Камбожийг 14:0-ээр хожсон нь энэ өдрийн хамгийн олон гоолтой тоглолт боллоо. Харин Азийн чансааны хоёрт бичигддэг, тивийн 4 удаагийн аварга Японтой тоглосон Монголын шигшээ баг 6:0-ээр хожигдов. Шри Ланк улсын шигшээ, Азийн чансааны гуравт бичигддэг БНСУ-д 8:0-ээр ялагдсан бол Гуам тивийн чансааны 7-д бичигддэг БНХАУ-тай тоглож 7:0-ээр ялагдал хүлээсэн байна.


Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс тэргүүтэй дасгалжуулагчдын багийн болон үндэсний шигшээ багийн хичээл зүтгэлийн үрээр багийн амжилт өдөр сараар ахисаар байгааг онцлон дурдах ёстой. Мөн энэ тоглолтод хаалгач Б.Ариунболд Японы багийн олон гоолын цохилтыг хаалгандаа оруулалгүй хамгаалж чадсан юм.




Холбоотой мэдээ