Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-14 15:29:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 90 жилийн ой нь тохиож буй "Холбооны тусгай хороо" буюу Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагнал гардуулах ёслол тус ангийн жагсаалын талбайд өнөөдөр боллоо. 



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг сонордуулж, одонг тус ангийн байлдааны туганд зүүлээ. Энэ үеэр тэрээр, 013 дугаар анги нь орчин үеийн энхийг дэмжих ажиллагаа, олон улсын "Дархан", "Сэлэнгэ", "Хааны эрэлд" зэрэг хамтарсан сургууль, "Аравт" морин цэргийн уралдаанд бодит холбоо, мэдээллийн ажлыг зохион байгуулж, үүргээ нэр төртэй биелүүлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлсэн.



Тэрбээр, "Ардын хувьсгалт цэргийн ангиудаас цэргийн сургалт бэлтгэл, сахилга зохион байгуулалтаараа шалгарсан Холбооны тусгай хорооны гавьяаг үнэлж, 1936 онд “Алтан гадас” одонгоор шагнаж байсан. Харин түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч зарлиг гаргаж, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байна. Энэ шагнал нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрхэм үүрэгтэй цэрэг дайчдын эх оронч үзэл, хүмүүжлийн илэрхийлэл болж байх болтугай. Цэргийн холбоочид тайван цагийн, байлдааны, үндсэн болон тусгай чиг үүргүүдээ хариуцлагатай биелүүлж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа гүнзгийрүүлэн ажиллах болно гэдэгт эргэлзэхгүй байна. Анги бүрэлдэхүүний эх орноо батлан хамгаалах, Монгол Улсын зэвсэгт хүчний удирдлагын холбоог найдвартай хангах үйлсэд ажлын амжилт, нийт алба хаагчдад эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе" хэмээв. 


Тус анги нь 1929 онд байгуулагдсан холбооны тусгай сумангийн Ховд, Улиастай, Хэнтий, Баянтүмэнгийн цэргийн хороо, ангиудыг Цэргийн яамтай холбоогоор хангаж байсан, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1947-1948 оны Баруун хилийн тулгаралтад Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлжээ. Зөвлөлт Холбоот Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Зоргол”, “Хэрлэн-73”, “Говь-77”, 1979 оны хээрийн сургуулиудын холбоо, мэдээллийг амжилттай зохион байгуулж ирсэн түүхэн замналтай аж.

Холбоотой мэдээ