Тэтгэврийн насны хүмүүсийг энэ сард багтаан ажлаас нь чөлөөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 16:09:37

Өвөрхангай аймгийн төрийн албаны нөөцөд бүртгэлтэй 2500 гаруй залуу боловсон хүчин байна. Гэтэл тэтгэвэртээ гарах нас болсон ч ажилласаар байгаа 200 орчим төрийн албан хаагч байгаа аж. Тэдний ажлаа өгдөггүй шалтгаан нь тэтгэмжийн мөнгөө аваагүй явдал гэнэ.

Гавьяаны амралтаа авах хүсэлгүй байгаа алба хаагчдын дийлэнх нь боловсролын салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015, 2016 онд СӨББ-с 32 багш, ЕБС-иас 84 багш тэтгэвэрээ тогтоолгох цаг нь болсон ч ажилласаар байгаа юм. Боловсролын салбарт ажиллахаар хүсэлтээ өгсөн 1000 орчим залуу багш нөөцөд бүртгэлтэй хүлээж байна.  Мөн багийн Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч гээд тэтгэмжийн мөнгөө авч байж тэтгэвэртээ гарахаар “гүрийсэн” хүмүүс олон байна.

“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд залуу боловсон хүчнийг ажлын байраар хангах үүднээс төрийн байгууллагуудад тэтгэврийн насны хүмүүсийн судалгааг хийж, 4 сард багтаан хуулийн дагуу ажлаас нь чөлөөлнө гэдгийг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд хэллээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ