Ховд аймагт 300 гаруй тамирчин таеквондогийн спортоор хичээллэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Таеквондогийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Ирээдүйн аварга” таеквондогийн спортын нээлттэй өдөрлөг Ховд аймагт болов.
Ховд аймгийн таеквондогийн клубууд одоогийн байдлаар намрын элсэлт авч байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Таеквондогийн холбоо, клубууд
хамтран таеквондогийн спортын нээлттэй өдөрлөг зохион
байгуулснаараа онцлогтой.
Өдөрлөгийн хүрээнд тамирчид таеквондогийн спортын үндсэн дасгал, үзүүлэх
сургуулилт сонирхууллаа. Мөн таеквондогийн спортоор тогтмол хичээллэж буй
тамирчид болон амжилт ололтын түүхийг иргэдэд танилцуулж, энэ
төрлийн спортоор хичээллэхийг уриалсан юм.
Ховд аймаг 20 гаруй жилийн хугацаанд таеквондогийн спортыг хөгжүүлснээр 1000 орчим
тамирчин бэлтгэн гаргажээ. Харин одоогийн байдлаар “Ховд”, “Сүлд алдар”, ”Алтайн хөх луу" гэсэн таеквондогийн гурван
клуб үйл ажиллагаа явуулж байна. Улмаар нийт таван
багшийн удирдлага дор 300 гаруй тамирчин
таеквондогийн спортоор хичээллэж байгаа юм.
Бүх насныхан таеквондогийн спортоор хичээллэх боломж нээлттэй байгаа бөгөөд жил бүр энэ төрлийн спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдэж байна гэж салбарынхан онцоллоо. Өдөрлөгийн үеэр таеквондогийн клубууд намрын хичээлийн элсэлт авч ажиллалаа. Цаашид мөн элсэлт авна гэж албаныхан хэлэв.