Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-15 12:57:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн төвийг нүүлгэн шилжүүлэх ажил 70 орчим хувьтай өрнөж байна.

Ховд аймаг болон "Мо-Эн-Ко" ХХК-ийн 2017-2020 онд хамтран ажиллах гэрээний дагуу Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг байгуулж, улмаар Цэцэг сумын төвөөс 4-5 км зайд суурьшуулахаар болсон юм.

Үүнтэй холбогдуулан шинэ багийн төвийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийсэн. Мөн цахилгаан эрчим  хүч, ус, дулаан хангамжтай болжээ.

Хөшөөт багт 174 айл өрх оршин суудаг. Эдгээр айл өрхүүдтэй “Мо-Эн-Ко” ХХК нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ хийжээ. Тус гэрээнд өрх бүрт эрүүл мэндийн нөхөн олговор буюу найман сая төгрөг олгохоор тусгасан байна. Улмаар гэрээний дагуу үнийн дүнгийн 50 хувийг иргэдэд олгожээ. Ингэснээр тус багийн айл өрхийн 70 орчим хувь нь гэр, зарим ачаагаа шинэ суурьшлын бүс дэх  хашаандаа нүүлгэн, суурьшиж эхэлсэн байна.  

Хөшөөт багийн төвийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд дуусгана гэж албаныхан мэдээллээ.

2018 онд улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөшөөт багийн төвийн захиргааны барилгыг шинээр бүтээн босгож, орон нутагт хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайгаас 100 хүүхдийн цэцэрлэг, 150 хүний суудалтай соёлын төв, халуун ус, уурын зуух, гүний худаг, ус түгээх байр барих зэрэг бүтээн байгуулалтын ажил хийсэн аж. Мөн компанийн зүгээс 111 айл өрхийн 900 мкв талбай бүхий хашааг шинээр барьж, өмчийн гэрээний дагуу тус багийн айл өрхүүдэд олгосон байна.

Цэцэг сумын Хөшөөт баг нь “Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайгаас  20-30 орчим метрийн зайд байрладаг. Уурхайн үйл ажиллагаа, хөрсний эвдрэл, тоосжилтоос шалтгаалан тус багийн оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, улмаар  аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн учир нүүлгэн шилжүүлэх ажил  хийх шаардлагатай болжээ.


Холбоотой мэдээ