Махны үнэ өссөн ч өнгөрсөн жилийнхээс хямд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-12 18:50:34

Дундговь аймгийн Мандалговь хотын хүнсний захад махны үнэ өнгөрсөн намрынхаас хоёр дахин өссөн байна. Өнөөдрийн байдлаар хонины нэг кг мах 6300 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд хониныхоос өөр мах алга байна.

Махны худалдаачдын хэлж байгаагаар зооринд хадгалсан ямааны мах өнгөрөгч сард 4500- 5000 төгрөгийн ханштай байсан бол одоо ямааны мах байхгүй, хонины шинэ мах малчид нийлүүлж эхэлсэн гэлээ. Тэд малчдын худалдаж байгаа үнээс 800-1000 төгрөгөөр ахиу худалдаж байгаа ажээ.

Өнгөрсөн намар махны үнэ урьд байгаагүйгээр хямдарч, ямааны мах нэг кг нь 2000, хониных 2800, үхрийн мах 3500 төгрөгт хүрч буурсан. Жил жилийн хавар махны нийлүүлэлтээс шалтгаалан үнэ өсдөг ч урьд жилүүдэд нэг кг нь 7500 төгрөгт хүрдэг байсан хонины мах өнөө хаврын хувьд 1000 төгрөгөөр хямд байна.

Ноолуурын ханшийн хувьд энэ сарын эхний үеийнхээс даруй 2 мянган төгрөгөөр буурсан байна. Өнөөдрийн байдлаар нэг кг ноолуур 56 мянган төгрөгт хүрсэн бөгөөд одоогоор ноолуурын нийлүүлэлт бага байгаа ажээ.  

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ