Онцгой байдлын салбарт 57.9 сая еврогийн тоног төхөөрөмж зээлээр олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс /БНФУ/-ын Санхүүгийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсад суугаа БНФУ-ын Элчин сайд Филипп Мэрлин нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд, БНФУ-ын Засгийн газрын 57.9 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Онцгой байдлын байгууллагад агаараас авран хамгаалах нэгж байгуулж, тоног төхөөрөмжөөр хангах төслийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, "Airbus ЕС-145" загварын гурван нисдэг тэрэг, сургалтын бага оврын нэг нисдэг тэрэг нийлүүлж, симулятор, ангар, шатахуун цэнэглэх, хүйтний нөхцөлд нефт хадгалах станц байгуулах юм. Үүнээс гадна обьектын түймэр унтраах 42 ширхэг тусгай тоноглолтой автомашин олгохын сацуу нисдэг тэрэгний нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх юм байна. Дээрх зээлийн хугацаа нь 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байх аж. Засгийн газрын наймдугаар сарын 21-ний хуралдаанаар, Агаараас эрэн хайх, аврах анги шинээр байгуулах шийдвэр гаргажээ.
Гарын үсэг зурах үеэр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, "БНФУ-аас тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна манай улсын авран хамгаалах, гал түймэр унтраах алба хаагчдыг чадавхжуулах, тэр дундаа хоёр улсын онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулсан нь чухал ач холбогдолтой. Гурван жилийн өмнө Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий 85 хувьд хүрч, төсвийн орлогынхоо таван төгрөг тутмын нэг төгрөгийг зөвхөн авсан зээлийнхээ хүүнд төлж байлаа. Одоо бол өрийн хэмжээ ДНБ-ий 55 хувьд хүрч, төсвийн орлогынхоо 12 төгрөг тутмын нэг төгрөгийг төлж байна. Санхүүгийн хүнд үед нэн хөнгөлөлттэй зээл санал болгож, манай улсын онцгой байдлын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэж байгаад БНФУ-ын Засгийн газрын холбогдох албаныханд талархал илэрхийлж байна" хэмээв.
Монгол Улсад суугаа БНФУ-ын Элчин сайд Филипп Мэрлин, "Энэхүү төслөөр Монгол Улсын онцгой байдлын салбарын техникийн чадамжийг сайжруулахаас гадна ОБЕГ, Францын иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай нягт хамтран ажиллах боломж бүрдэнэ. Ирэх жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэх гэж буй энэ үед дээрх хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Монгол, Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн сайн илрэл болж байна" хэмээв.
Зээлээр хэрэгжиж буй төслийн хүрээнд худалдан авах нисдэг тэргийг Онцгой байдлын байгууллагаас гадна Үндэсний тусгай чиг үүргийн цагдаа, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, эмнэлгийн байгууллага хамтран ашиглах боломжтой хэмээн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцоллоо.
Ташрамд дурдахад, ОБЕГ-ын техник, тоног төхөөрөмжийн хангамж 55-60 хувьтай байдаг аж. Улсын хэмжээнд гал унтраах, аврах 67 ангид 240 гаруй автомашин ашиглаж байгаагаас 30 гаруй хувь нь ОХУ, 20 гаруй хувь нь Европын бусад улсад үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмж байна. Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд энэхүү төсөл хэрэгжсэнээр, Онцгой байдлын салбарын тоног, төхөөрөмжийн хангамж 80-90 хувьд хүрнэ гэсэн тооцоолол байна.