Гэр өргөөнд амьдрах хүүхдийн тоо энэ жил хоёр дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-17 15:28:30

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг малчны зургаан настай хүүхдүүдийн гэр өргөөг хөдөөгийн 23 сумандаа байгуулан амжилттай ажиллаж өнөөдрийн байдлаар 200 гаруй хүүхэд тус өргөөнд амьдарч байна.

"Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд 21 сум гэр өргөөгөө ерөнхий боловсролын сургуулийнхаа дотуур байрыг түшиглэн байгуулсан ажээ. Харин Цэцэн-Уул, Идэр сум аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сан, сургуулийн дотоод нөөц бололцоо, төгсөгчид, эцэг эхчүүдийн туслалцаа дэмжлэгтэйгээр гэр өргөөг тусад нь барьжээ. Малчны зургаан настай хүүхдийн гэр өргөө байгуулснаар мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа залуу малчдын эрхийг хамгаалах, өрхийн төсвийг хэмнэх, малчдын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмрээ оруулж байгаа. Мөн хүүхдийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлж, хамт олонч хүмүүжил, харилцан суралцаж, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлж байгаагаараа давуу талтай юм.

Тиймээс малчид энэхүү гэр өргөөнд хүүхдүүдээ өгөх, цаашлаад үйл ажиллагааг нь өөрсдийн санал санаачилгаар байнга дэмжиж байгаа. Энэхүү өргөөнд асрагч болон багш нар ажиллаж зургаан настай хүүхдүүдийнхээ насны онцлогт тохируулан тоглонгоо сурч хөгжих сургалтыг өгч байна. Мөн хүүхдүүдийн эхчүүд боломжоороо ээлжээр гэр өргөөнд ажиллах, ахлах ангийн охидууд сайн дураараа дүү нартаа тусалдаг ажээ. Зарим хүүхдүүд амралтын өдрүүдээрээ хөдөө гэртээ харьдаггүй бөгөөд найзуудтайгаа гэр өргөөндөө тоглож, хичээлээ давтах дуртай болсон гэдгийг багш нар онцолж байсан. Манай аймаг “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр боловсруулан баталж, таван “Сайн” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь "Сайн малчин" хөтөлбөр юм. Энэхүү гэр өргөөг тус хөтөлбөрийн хүрээнд байгуулж амжилттай ажиллаж байна. Тухайлбал өнгөрсөн жил аймгийн хэмжээнд гэр өргөөнд 100 гаруй хүүхэд амьдарч байсан бол энэ хичээлийн жил хоёр дахин нэмэгдсэн. Энэ бол тус өргөө эрэлт хэрэгцээтэй, жинхэнэ хүүхдийн орчин бүрдсэн газар болсныг харуулж байна хэмээн аймгийн ЗДТГ-аас дуулгав. 


Холбоотой мэдээ