“Анагаахын шинжлэх ухаан” олон улсын дөрөвдүгээр хурал Алтай хотноо боллоо

Фото
185@montsame.mn
2019-10-18 15:34:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Анагаахын шинжлэх ухаан” олон улсын дөрөвдүгээр хурал Говь-Алтай аймгийн Алтай хотноо аравдугаар сарын 13-15-ны өдөр боллоо. 

Тус хуралд АНУ, БНХАУ, ОХУ зэрэг гадаадын эрдэмтэн судлаачдын баг, АШУҮИС, Анагаах ухааны хүрээлэн, Цөм лаборатори, АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд болон Монгол Улсад Анагаахын болон Боловсрол судлалын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын академич, профессор, дэд профессор, доктор, багш, оюутнууд оролцлоо. 

Хуралд оролцогчид 400 гаруй судлаачдын, судалгаа шинжилгээний 140 бүтээлийг хэлэлцэн шилдэг бүтээлүүдийг Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүлийн тусгай дугаар болон AВSTRACT BOOK гэсэн хоёр бүтээлээр олны хүртээл болгохоор болжээ. 

АШУҮИС-ийн Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулиуд ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв хамтран уг хурлыг зохион байгуулсан юм.

Мөн үеэр хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг тус аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргал хүлээн авч хүндэтгэл үзүүлэн орон нутгийнхаа эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцлоо.