ОУОХ, Токиогийн Олимпын хорооны төлөөлөгчид хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-10-18 08:22:03

ТОКИО. /Kyodo/. "Токио-2020" Олимпын наадмын марафон гүйлт, спорт алхалтын тэмцээнүүдийг Хоккайдо мужийн Саппоро хотод зохион байгуулах боломжийн талаар Олон улсын олимпын хороо болон Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид хэлэлцжээ.


Пүрэв гарагт Катарт болсон 206 улс орон, бүс нутгийн Олимпын хороодын төлөөлөгчдийн уулзалтын үеэр ОУОХ-ны тэргүүн Томас Бах энэ талаар мэдэгдсэн байна.


ОУОХ “тамирчдыг эн түрүүнд тавих” зарчмын дагуу зуны халууныг зохицуулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх тусгай багийг байгуулсан бөгөөд “Токио-2020” наадмын хоёр тэмцээнийг Токио хотоос хойд зүгт 800 орчим километр зайд оршдог Саппоро хотод зохион байгуулах санал гаргасан юм.


Саппоро хотын агаарын температурыг Токиогийнхтой харьцуулахад 5 орчим хэмээр бага байдгийг Т.Бах онцлоод, энэхүү шийдвэр нь маш чухал алхам болно хэмээн хэлсэн байна. Уг асуудлыг энэ сарын 30-нд эхлэх ОУОХ-ны Зохицуулах комиссын уулзалтын үеэр хэлэлцэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ