Ногоочид хүнсчдийг органик үйлдвэрлэл нэгтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-18 09:58:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Органик хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн 3 өдрийн сургалт “Алсыг харж органикийг сонгоё” уриан дор “Чингис” зочид буудалд болсон 4-р чуулганаар өчигдөр өндөрлөлөө.

Бид чуулганд оролцогсдын нэг “Сэлэнгэ Органик” ХББ буюу Хамтын баталгаажуулалтын байгууллагын гишүүн, Сэлэнгэ таван хайрхан дундын хоршооны дарга Ч.Оюунтуяатай уулзаж үйл ажиллагааных нь талаар тодрууллаа. Эднийх орон нутагт хүнсний ногоо тарьж, зөгий үржүүлж буй 112 үйлдвэрлэгчийг нэгтгэж байна.


-Байгууллагынхаа талаар товч танилцуулна уу? Та бүхэн яаж нэгдэн ажиллаж, юу та нарыг нэгтгэж байна вэ?

-Манайх байгуулагдаад жил болж байна. Орон нутагт Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэхээр “Органик ХАА-н түншлэл” төсөлтэй хамтран ажиллаж байна. Хэдийгээр бид жил болж буй ч анхныхаа органик бүтээгдэхүүнийг гаргаад байна. Ногоочин, зөгийчид биднийг нэгд, төсөл маань нэгтгэж байна. Хоёрт, бид ижил үйл ажиллагаа, үйлдвэрлэл эрхэлж, органик хүнсээ тарьж ургуулж чадаж байна. Түүнийгээ баталгаажуулмаар байна. Энэ тал дээр биднийг органик хүнс нэгтгэн ажиллаж байна.

-Төслийнхөө талаар танилцуулна уу?

-“Адра Монгол” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Органик ХАА-н түншлэл” төсөлд манай аймгийн 11 сумын 30 анхан шатны хоршооны 920 хүн хамрагдан ажиллаж байна. Энэ төслөөс органик хүнс, органик ХАА-н талын мэдээллийг анхнаас нь өгч, органик ХАА-г цаашид хэрхэн яаж хөгжүүлэх талаар сургалт явуулж, Хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулах талаар зөвлөдөг юм. 2016 онд батлагдан гарч, 2017 оноос хэрэгжүүлж буй Монгол Улсын органик хүнсний тухай хуулинд Хамтын баталгаажуулалтын ажиллагааны байгууллага ажиллана гэж заасан байгаа.  

-Органик хүнс үйлдвэрлэхэд ямар хүндрэл бэрхшээл гардаг вэ?

-Бэрхшээл гэвэл нэгд, аймаг орон нутагт ногоочид сум сумандаа тус тусдаа хол хол амьдардаг учир интернэт орчин байхгүйгээс мэдээлэл тэр бүр авч чадахгүй байна. Мөн хүнс үйлдвэрлэгч нарт компьютерийн мэдлэг дутмаг байна. Энэ талаар өнөөдрийн чуулганаараа бид саналаа оруулж байна гэв.




Өчигдрийн чуулганд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч баталгаажуулалтын байгууллагатай ХХААХҮЯ-наас байгуулах гэрээний төслийг тус яамны Худалдаа, нийтийн хоолны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Туналаг, Органик хүнсний тухай хуулийн хэрэгжилт, түүнд хийсэн тандалт, судалгааны дүнг ХХААХҮ-ийн салбарын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ч.Очирбат мөн танилцуулав. 



Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ