Цацраг идэвхт орчинд ажиллагсдын тоо 6 дахин өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-18 12:15:21
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лаборатори 100 ширхэг дозиметрийг нэгэн зэрэг унших боломжтой HARSHAW 6600 Plus TLD загварын шинэ төхөөрөмжтэй боллоо. Ингэснээр цацрагтай орчинд ажиллагсдын авч буй цацрагийн тун хэмжээг шинэ болон хуучин төхөөрөмжөөр түргэн шуурхай хянах боломж бүрдэж байна.


2003 онд улсын хэмжээнд цацрагтай орчинд ажиллагсдын тоо 288 байсан бол, 2018 онд энэ тоо 1672 болж зургаа дахин өсжээ. Тэдний дийлэнх нь буюу 70 гаруй хувь нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа юм. Цацрагтай орчинд ажиллаж буй хүмүүс цацраг хэмжигч дозиметр зүүж түүнийгээ сар бүр МХЕГ-ын Цацрагийн хяналтын лабораторид шинжлүүлдэг.


Олон улсын стандартад зааснаар хүний нэг жилд авах цацрагийн хэмжээ 20 мзВ, нэг сарын хэмжээ 1.6 мзВ-с их байх ёсгүй. МХЕГ сар бүр хэмжилт хийж 1.6 мзВ-с их цацрагтай орчинд ажиллаж буй хүн, албан байгууллагад анхааруулга өгч хяналт тавьдаг бөгөөд одоогоор цацрагийн нэг жилийн хэмжээг хэтрүүлсэн зөрчил илрээгүй гэж МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Ц.Өсөхбаяр онцоллоо.  


Цацраг хэмжигч төхөөрөмжийг Олон улсын Атомын энергийн агентлагийн техник хамтын ажиллагааны “Цацрагийн хяналтын лабораторийн хүний нөөц, цацрагийн хамгаалалт техникийн чадавхыг бэхжүүлэх” MON/9/009 төслийн хүрээнд олгожээ. 

Холбоотой мэдээ