АТГ-ын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 18-19-нд Ховд аймагт ажиллаж байна.
Тус
ажлын хэсгийнхэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг
хангах, төрийн албан хаагчдыг чадваржуулах зорилгоор сургалт зохион байгууллаа.
Сургалтад 100 гаруй хүн оролцов.
Энэ үеэр ашиг сонирхлын
зөрчил, анхаарах асуудал, авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, эрсдэл, түүнээс
урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар холбогдох мэргэжилтнүүд танилцуулж,
харилцан санал солилцов.
Мөн 2018-2019 онд АТГ-аас Ховд аймгийн төрийн байгууллагад хяналт шалгалт хийсэн. Тус
шалгалтаар засаглалын ажил тааруу, санхүүгийн ил тод байдал хангалтгүй, аймгийн
Засаг даргын
нөөц хөрөнгийн зарцуулалтад
хууль журам зөрчсөн зэрэг дутагдал илэрчээ. Тиймээс АТГ-аас алдаа дутагдлыг залруулах чиглэлээр хоёр удаагийн
зөвлөмж өгчээ. Энэхүү зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв.
Ховд
аймаг “Авлига хүнд сурталгүй аймаг болох” зорилт дэвшүүлж, “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ утгаараа тус
зөвлөмжийг хэрэгжүүлэх, төрийн
албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын дагуу 30
гаруй заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлсэн гэж
аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд мэдээллээ.
Мөн авлигатай тэмцэх,
урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. Энэ утгаараа иргэдийн
санал, гомдол
мэдээллийг АТГ-ын 110
дугаарын тусгай утсаар үнэ төлбөргүй авах боломж бүрдүүлсэн гэж албаны эх сурвалж хэллээ.


