НҮБ нээлттэй хаалганы өдөр зохион байгуулав

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-10-19 18:49:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэгдсэн Үндэстний байгууллагын нээлттэй өдөрлөг”-ийг 10 дугаар сарын 19-нд НҮБ-ын байранд иргэд олон нийтийн дунд зохион байгуулав.


Монгол Улс дахь НҮБ-ын нээлттэй өдрийг Улаанбаатарт анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд иргэд, олон нийтийг өөрийн байрандаа урьж оролцуулснаараа онцлогтой байсан юм.

НҮБ-ын ажилтан, нээлттэй өдөрлөгийг зохион байгуулагч Л.Номинтой уулзаж тус өдөрлөгийн зорилт болон НҮБ-ын үйл ажиллагааны талаар сонирхлоо.

Тэрээр, “Энэ нь “Тогтвортой хөгжлийн төлөө бүгдээрээ хамтдаа ажиллацгаая-зүтгэцгээе” гэсэн уриан дор болж байгаа өдөрлөг юм. Жил бүрийн 10 дугаар сарын 24-нд НҮБ-ын дүрмээ баталж, байгуулагдсан өдөр тохиодог бөгөөд ойгоо угтаж бид НҮБ-ын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж байна. НҮБ дэлхийн улс орнуудад тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө анхааран ажиллаж байна. АНУ-ын Нью-Йорк хотноо 2015 оны 9 дүгээр сард дэлхийн 193 орон Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг баталсан. Үүнээс 5 сарын дараа Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, зорилтоо УИХ-аар тодорхойлж 2020-2030 онд хэрэгжүүлэхээр болсон. Энэ зорилтыг хэрэгжүүлэх нь зөвхөн НҮБ, Засгийн газруудын хийх ажил биш. Манай дэлхийн бүх хүн, хүүхэд, залуус, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй, баян, ядуу үл хамааран хамтдаа оролцож байж Тогтвортой хөгжлийн зорилтууд биеллээ олно" хэмээв. 

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх илтгэлийг 2019 оны 7 дугаар сард 47 орны хамт танилцуулсан. Уг илтгэлийг маш олон талын оролцоотой нарийн судалгаанд үндэслэж гаргасан байгаа. Монгол Улсын хувьд, тогтвортой хөгжлийн зорилтуудаас 6 орхигдсон бүлэг байгааг гаргаж ирсэн. Тухайлбал, хамгийн алслагдсан, хамгийн ядуу, хамгийн эмзэг, хамгийн мартагдсан хүн амдаа хүрч тэднийг дэмжиж ажиллахгүй бол энэ тогтвортой хөгжлийн зорилт огт биелэхгүй юм. Энэ орхигдсон 6 бүлэгт хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, хөдөө орон нутгаас хот сууринд шилжин ирсэн иргэд орчихсон байна. Энэ бүлгүүд орхигдсон буюу эрсдэлт бүлэгт багтдаг. Тэд нийгмийн багахан эрсдэлийг давж гарах чадамжгүй учраас ажилгүйдэл, ядууралд  нэрвэгдэх зэргээр янз бүрийн асуудалтай тулгарахад бэлэн байна. Иймд асуудлыг даруй шийдвэрлэхгүй бол бидний хүрсэн эдийн засаг, нийгмийн ололт, дэвшлүүдээс ухрах магадлалтай гэж тус илтгэлд дурдсан байдаг аж.

Тиймд Л.Номин өдөрлөгийн үр дүнг дүгнэж хэлэхдээ, "Тэгэхээр ардчилсан улс орны хувьд ард иргэд өөрсдөө хяналт тавих “Ардын хяналт” байдаг. Өнөөдрийн энэ өдөрлөгт хүүхэд, залуус өргөнөөр оролцож байна. Тэд байгаль орчноо хамгаалах болон Тогтвортой хөгжлийн 17 зорилтын талаар маш их мэдээлэлтэй байгаа нь олзуурхууштай. Өнөөдөр Засгийн газар тогтвортой хөгжлийн зорилт, амлалтуудаа биелүүлж, зарцуулах ёстой мөнгө нь зохих газартаа очиж байна уу гэдгийг ард иргэд өөрсдөө хянах үүрэгтэй. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ өдөрлөгт оролцлоо. “Тогтвортой хөгжлийн төлөө бүгдээрээ хамтдаа ажиллацгаая-зүтгэцгээе” гэсэн уриан дор төр засгийн төлөөлөл, НҮБ-ын 15 салбар агентлагийн суурин төлөөлөгч, ажилтнууд, ард иргэд энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцож байна. Өдөрлөгөөр НҮБ-ын албан хэллэгийг иргэдэд илүү ойртуулах зорилгоор #ActNow #SDGsTaLx хэмээх 15 минутын шинэлэг хэлбэрийн илтгэлүүдийг оролцогчдод сонордуулж байна” хэмээн ярьсан юм.


 

Холбоотой мэдээ