Б.Нагнайдорж: Анх удаа төрийн наадамд Төрийн их хар, цагаан сүлдийг ах нь оруулсан

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-22 11:18:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийд кино зөвхөн урлаг бус том бизнес болон өргөжиж, кино жүжигчдийг ашиг орлогоор нь зиндаа тогтоож, киног борлуулалтаар нь үнэлж цэгнэх болов. Гэвч киноны урлаг мэргэжлийн дээд хэмжээнд хүрч, жүжигчдийн өрсөлдөөн ч ширүүссээр байгаа. Монголын залуу уран бүтээлчид дэлхийн дэвжээнд, олон улсын дэлгэцийн өрсөлдөөнд бүтээлээ нэрлүүлж, шинэ уран бүтээлээ зах зээлд гаргахыг хичээсээр байгаа нь талархалтай. Гэхдээ Монголын киноныхоо тулгын чулууг тулалцсан, гал голомтыг асаалцаж явсан ахмадын үг мөн тэдэнд үнэтэй хэмээн МУУГЗ, кино найруулагч Б.Нагнайдоржтой ярилцлаа.

“Энэ жил 2019 онд Монголын кино байтугай дэлхийн киноны түүхэнд онцгой жил болж байна. ВГИК буюу Бүх холбоотын киноны дээд сургууль гэж 1919 онд анх байгуулагдсан. Одоо бол Бүх Оросын киноны дээд сургууль гэдэг болсон. Мөн С. А.Герасимовын нэрэмжит болсон. Энэ алдартай сургуулийн 100 жилийн ойд манай төгсөгч хэдэн хүн очоод ирсэн. Энэ учир нь, төгссөн сургуулийнхаа кино урлагт оруулсан хувь нэмэр, монгол киноны үндсийг тавьсан хүмүүсийнхээ өмнөөс очиж хүндэтгэл илэрхийллээ. Гол нь энэ сургуулийг Монголоос 100 хүн төгссөн. Эднийхээ нэрийн өмнөөс болон кино урлагийнхаа нэрийн өмнөөс очихдоо манайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг гардуулсан” гэж тэрбээр яриагаа эхлэв.


-Та очсон уу?

Б.Н:- Энэ удаа бол би очиж амжаагүй. Гэхдээ ноднин очоод ирсэн. Манай сургууль 1919 оныхоо суурин дээрээ, хэвээрээ байна. Нэмж их өргөтгөсөн байна билээ.

-Манай киноны анхны мэргэжилтнүүд ВГИК-д суралцаж ирцгээсэн дээ, тийм ээ?

Б.Н: -Монголын киночдын түүх  Оросод суралцахаар очсон 1942 оноос эхэлдэг. Анхны оюутан гэвэл, Цэвээний Зандраа, Дамбын Ганжуур хоёр юм. Маш бэрх үед тэнд суралцсан гэж ярьдаг. Өдөр нь хичээлдээ суугаад шөнө нь дайны хамгаалалт бэхлэлт бариад явж байсан гэдэг. Түүнээс хойш Монголоос 1990 он хүртэл киноны болон телевизийн мэргэжлээр 100 гаруй хүн суралцаж төгсөөд ирцгээсэн.

-Та өөрөө хэдэн оны төгсөгч вэ?

Б.Н: -1968 онд  монгол киноны тогоонд чанагдаж байгаад очсон. Тэр үед очуут л манай ангийнхан надад “Чайка” гэж хоч өгсөн. Нэг өдөр манай багш орж ирээд “Чайка” гэж  хэн мэдэх вэ гээд л асуухад нь би мэддэг хүн болоод баахан “Чайка” ярилаа. Тэр нь,  миний  ганц мэддэг “Чайка” машин. Түүний тухай баахан ярьж, ангийнхныхаа онигоо болсон. Ердөө л мэддэг минь “Чайка” машин. Гэтэл Оросын нэрт зохиолч В.Чеховын “Чайка” өгүүллэгийг ярих юм байж л дээ. Дараа нь ангийнхныхаа шоолсон учрыг мэдээд их ичиж билээ. Гэхдээ багш минь яриулаад л байсан боловч, намайг дараа нь гайгүй дотноор хүлээж авч, хожим нь энэ тухай шоолон ихэд инээлддэг байсан. Тэгээд  Зөвлөлтийн алдартай найруулагч М.Ромм, С.Бондарчук, С.Герасимов нарын Оросдоо байтугай дэлхийд алдартай найруулагчдын нүүрийг харж, нүдийг ширтэж, үгийг сонсож байсны ачаар кино урлагт өөрийн нүдээ нээсэн дээ.

- Та 1969 онд  ВГИК-ийн 50 жилийн ойгоор Монголын төлөөлөгчдийн дунд очиж байсан гэл үү?

Б.Н: -Ц.Зандраа гуай тэргүүтэй төлөөлөгчийн нэг нь  болж очиж, дурсгалын зураг гардуулж байлаа.

-Таны үеийн төгсөгчид хэн хэн байна вэ?

Б.Н:- Бидний тэр үеийн төгсөгчид Монголын кино урлагийг  нууруундаа үүрч явлаа. Найруулагч Бэгзийн Балжинням, Н.Нямдаваа, Д.Содном, Х.Юндэндорж, оператор Л.Шаравдорж, Ц.Туяа, Л.Мөрөнгуа, Д.Буяндэлгэр, жүжигчин Н.Сувд, зураач Т.Гоош гэх  нөхөд маань төгссөн.

-Та Монголын кино урлагт хэдийнээс ажиллаж эхэлсэн бэ?

Б.Н: -1972 онд төгсөөд Монгол кино үйлдвэрт томилогдож ирсэн. Миний хөдөлмөрийн дэвтэр их товчхон тэмдэглэгээтэй.  1964 онд кино гэрэлтүүлэгчийн техникийн туслахаар анх  ажилд орсон. Монгол кино үйлдвэрт 4 жил шахам гэрэлтүүлэгч, туслах найруулагч хийж байгаад ВГИК рүү явсан. Төгсөж ирээд кино үйлдвэртээ тасралтгүй  ажиллаж байгаад 1994 онд “Орон тооны цомхотголоор халагдав” гэж бичсэнээр киноны албан анкет төгсдөг /инээв/.

-ВГИК-д тэр үеийн Оросын тосгоноос тариачин, үйлдвэрийн ажилчин, сургуулийн сурагч, оюутны ширээнээс  суралцахаар очиж байж. Дэлхийн бусад орноос, тэр дундаа монгол малчны хүүхэд ч очиж байсан байна. Та оюутан үеэсээ дурсана уу?

Б:Н: -ВГИК-д 1968-1972 онд  суралцсан. И.В.Таланкин гэж халзан толгойтой өндөр хүн анх хүлээж  авсан. Манай анги жүжигчин, найруулагчийн хавсарсан анги байсан. Анги дотроо жүжигчин болох гэсэн Беларусиас ирсэн оюутан нэлээд байлаа. Найруулагч болохоор ирсэн нь дандаа нас тогтсон, туршлагатай, олон кино бүтээлцсэн архаг ах нар эгч нар байлаа. Тэр дунд Монголд ирж ажиллаж байсан монгол орныг мэддэг, монгол хүнийг мэддэг Р.Нахапитов гэж хүн байв. Тэр бол Лениний бага нас, залуу насанд тоглосон, Зөвлөлтийн гавьяат жүжигчин цол авчихсан луглагар эр л дээ. Тэр нөхөр намайг их шоолж, монголчуудын сайн мууг хошноор их ярина. 1967 оны  үеэр октябрийн баяраар Монгол, Зөвлөлтийн залуучуудын анхдугаар наадамд төлөөлөгчөөр Монголд ирж байсан гэдэг. Тэр нөхөр “Лаа ч үгүй, саван ч үгүй орноос ирсэн хүн” гэж намайг шоолно. Түүнийг Монголд байхад нь Дархан хотын нэг хүн орос дэлгүүрт ороход нь  10 төгрөг өгөөд “Надад лаа, саван хоёр авч өгөөч” гэж гуйж л дээ. Түүгээрээ жишээлэн Монголд лаа, саван байдаггүй гэж шоолно. Мөн алдартай кино найруулагч Чухрайн хүү, одоогийн Мосфильм концерны ерөнхий захирал Карин Шахназоровтой нэг ангид сурч байлаа. Ноднин очихдоо тэд нартайгаа уулзсан. Учир нь,  ноднин зээ хүүгээ өөрийн төгсөж байсан сургуульд суралцах шалгалт өгүүлж очлоо. Манай зээ хүү Монголдоо орос сургууль төгссөн болохоор амархан тэнцэж орсон доо. Хэл сурсны л буян шүү дээ. Одоо найруулагчийн гуравдугаар курст суралцаж байна. “Хэл яах вэ, авьяас чухал шүү, мэдрэмж чухал шүү л” гэж бид хүүдээ их захидаг.


-Та найруулагчаар ажиллахдаа ямар бүтээлүүд туурвисан бэ?

Б.Н: -Албан ёсоор 30 гаруй жил монгол кинондоо ажилласан. Гэхдээ өнөөдрийг хүртэл албан бус ч, өөрийн л мэргэжлээрээ 55 дахь жилдээ киногоо хийж байна. Анх бол төгсөж ирээд л шууд кино найруулахгүй ээ. Д.Жигжид, Б.Сумхүү, Р.Доржпалам, Ж.Бунтар, “Сэлэм Тогмид” буюу Ц.Цэрэндорж, Б.Жамсран гээд том найруулагчдын туслахаар нэлээд ажилласан. Анхны бүтээл бол “Солонгын таван өнгө” гэж Монголын алдарт зураач Марзан Шаравын тухай кино. Дараа нь Д.Чимид-Осор гуайтай “Үер” кино хийсэн. Мөн “Байлдааны даалгавар”, “Хачин хүн”,  Д.Жигжид гуайтай эхлүүлээд дараа нь Б.Балжиннямтай  хамтарсан “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонууд дээр ажилласан. Ийнхүү бие даасан 10 кино, хамтарсан 20 гаруй кино, баримтат кино гэвэл олон л кино гарах байх. Одоо бол тоогоо алдсан даа. Тоолдоггүй юм.



-Таны сүүлийн бүтээлүүд баримтат кино байх шиг байна. Танд монгол киноны болоод Монголынхоо нэгэн үеийн түүхтэй холбоотой  баримт их бий байх. Тэр үүцнээсээ л задлаад байна уу?

Б.Н: -Сүүлийн үед уран сайхны киноноос баримтат кино руу сэтгэл урвасан. Надад их ч материал байх юм. Түүнийгээ хүмүүст гаргаж хэлье, баримтат киногоор дамжуулж хийе л гэж их бодох боллоо. Нэг удаа л гэхэд би санаандгүйгээр  Нарантуул захын шав тавьж байсан хүмүүсийн зургийг авсан. Тэр зураг явж явж  хэрэг болоод Нарантуул захын тухай болон  захын худалдааны тухай “Хүрээ зах” гэж кино болсон жишээний. Саяхан Халх голын 70 жилийн ойгоор эх оронч Ч.Шаарийбуугийн тухай “Эрэлхэг хүүгээ эх орон нь мартахгүй” кино хийж их ойд бэлэг барьсан. Гурван жил баримт цуглуулж ажилласан. Нэг сонин нь, Японы цэргийн академийн архиваас олсон мэдээн дотор Японы 23 дугаар дивизийг командалж байсан Комацубара генералын өдрийн тэмдэглэлд “6 сарын 3-ны өдөр бид Монголын 6 дугаар дивизийн дарга Шаарийбууг устгалаа” гэсэн ховор баримт олж авснаа энэ кинонд гаргасан. Гэтэл манай төр засгийн талаас онцгой анхаарсангүй. Яах вэ кино нь үлдлээ. Цагтаа хэлмэгдэж, сүүлдээ цагаатгагдсан Ч.Шаарийбууд Монгол  Улсын баатар цол  нэхэн олгохыг их горьдсон. Ер нь энэ санааг ч дэвшүүлж киногоо хийсэн.

Ч.Шаарийбуу бол Халх голын  болоод түүхийн хувьд гавьяа байгуулсан баатарлаг хүн. Энэ тухай нь сүүлийн ганц Улсын баатар П.Шагдарсүрэн гуайгаар яриулсан. Энэ баатрын ч амьддаа ярьсан ганц яриа нь манай кинонд үлдлээ. Уг нь Халх голын дайны тухай 8 баримтат кино хийх санаа байсан ч, сүүлдээ урам хугараад больсон. Даанч Халх голын ойд зориулсан ганц киног маань ч тоосонгүй. Би бол “Халх голын дайны тухай киноны өдөр ч хийе”  гэж их хөөрүү давилуун санаагаа ойн комисст хэлсэн. Гэтэл юу ч байхгүй... /санаа алдав/. Энэ киног хийж явахад маань нэг сонин юм тохиолдсон. Би чинь Халх голын САА-г 1969 онд байгуулахад анх сурвалжилж кино баримтат мэдээ хийж байсан. Түүнээс хойш тэнд очилгүй байсаар сая очиж үзлээ. САА нь сөнөсөн ч, Халх гол суманд Орос хөрөнгөөрөө их юм хийж өгчээ.

-Та ВГИК-ийг ганц найруулагчаар бус жүжигнээр төгссөн, кинонд тоглож дүр бүтээсэн үү?

Б.Н: -Албан ёсоор бол найруулагч, жүжигчин гэсэн мэргэжлийн анги төгссөн нь үнэн.  1983 онд цагдаагийн байгууллагын 60 жилийн ойгоор “Хуучин сүмийн нууц”  кинонд ахмад цолтой,  мөрдөн байцаагчийн дүрд тоглосон. Дүр бол бүтээгээгүй. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Алтан улсын элч болж түүхэнд нэг үлдсэн /инээв/. “Босго тотго” 60 ангит киноны хасаг тагнуулын дүрд тоглосон. Энэ бол харин яг үнэн, баримтат дүр байсан. Османы /Оспан/ хажууд байсан хасаг тагнуулчийн бодит дүрийг бүтээсэн дээ.

-Та одоо киноны сургуулиудад багшилж байгаа юу?

Б.Н: -Кино урлагийн дээд  сургууль, Радио телевизийн дээд, СУИС зэрэгт хэсэг багшилж найруулагч жүжигчин бэлтгэхэд 10 гаруй жил оролцсон. Одоо бол больсон доо.

-Та МУУГЗ  цолыг  2010 онд хүртсэн. Оройтож авсан санагдана...?

Б.Н:- Тухайн үедээ Чингис хаан, Мандухай хатны киног хийхэд оролцсон хүмүүсээс хоцорсон тал бий. Энэ ч нөлөөлж олон хүний яриа хэлээр дэмжигдэж явсаар МУУГЗ цол хүртсэндээ баярлаж явдаг. Ахынх нь хэнд ч хэлдэггүй, нэг хэлэх юм байдаг, түүнийгээ хэлчих үү. 1990-1996 оны Улсын баяр наадмыг ах нь найруулсан юм шүү дээ. Анх удаа төрийн наадамд Төрийн их хар, цагаан сүлдийг оруулж ирсэн. Үүнийгээ нэг их ярьдаггүй. Одоо харин ам халаад  ярьчихлаа /инээв/.


Манай кино урлагийн амьд домог болсон найруулагчийн нэг Б.Нагнайдорж ийнхүү  ВГИК-ийн 100 жилийн ой болон өөрийнхөө монгол кинонд зүтгэсэн 55 жилийнхээ хэсэгхэн түүхээс хуучиллаа. 

Холбоотой мэдээ