Монголын 82 тамирчин дэлхийн цэргийн наадамд өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-10-21 13:53:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ухань хотод болж буй Дэлхийн цэргийн VII спортын наадамд Монгол Улсын БХЯ-ны харьяа "Алдар" спорт хорооны баг тамирчид оролцож байна. Тус улсад ажлын айлчлал хийж буй  Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тамирчдын хотхоноор зочиллоо. Тэрбээр тамирчидтай уулзаад Ухань хотын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж амжилт гаргахыг хүсэв.  

Цэргийн наадмын нээлтэд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр ахлуулсан нийт 82 тамирчин  оролцсон байна.  Тус наадамд  109 орны 9300 гаруй тамирчин оролцож байгаа юм.

Энэхүү наадмыг зохион байгуулагч “Дэлхийн цэргийн спортын холбоо” /CISM/ нь 140 орныг эгнээндээ нэгтгэсэн спортын хүчирхэг холбооны нэг бөгөөд улс орнуудын Зэвсэгт хүчний нөхөрлөлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан найрамдлыг зузаатгах, энх тайвныг тогтоох уриан дор үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Зэвсэгт хүчин тус холбоонд 1992 онд элссэн бөгөөд 1995 онд Итали улсын Ром хотод болсон анхны "Дэлхийн цэргийн спортын наадам"-д оролцож нэг мөнгөн медаль хүртэж байв. Улмаар 2012 онд гишүүнчлэлээ дахин сэргээснээс хойш тус холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд тогтмол оролцож байна. 2015 онд БНСУ-д болсон Дэлхийн цэргийн VI спортын наадамд Зэвсэгт хүчний шигшээ баг, тамирчид спортын 8 /буудлага, бокс, байт харваа, дугуй, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо/ төрлөөр амжилттай оролцож, 5 төрөлд алтан медаль 6, мөнгөн медаль 12, хүрэл медаль 6 нийт 24 медаль хүртэж, 117 орноос медалийнхаа чанараар 16 байрт шалгарч байв.


Холбоотой мэдээ