Засгийн газрын харьяанд Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-23 14:37:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг эцэслэн хэлэлцэж, дэмжлээ. Тус төслөөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах юм. 


“Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны долоодугаар сарын 27-ны 4 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулах бие даасан мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан байна. Тодруулбал, яам, агентлаг болон төрийн бусад байгууллага салбарын бодлого боловсруулах үндсэн чиг үүргийнхээ хажуугаар худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал өсөх, цаг хугацаа алдах, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний хүртээмжийг удаашрах зэрэг сөрөг үр дагавар бий болж буй юм. Тиймээс Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах асуудлыг уг төсөлд тусгажээ. Төрийн худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад уг газар чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзжээ. 


Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуралдааны үеэр, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “2.Төрийн худалдан авах ажиллагааны газар” гэж нэмэх, уг газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан байгуулж ажиллуулахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.


Төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул санал хураав. Гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ