Г.Занданшатар: СЗХ, Монголбанкны удирдлагад хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-23 18:31:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллага /FATF/-ын "саарал жагсаалт"-д орсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/, Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох болсноо өнөөдөр мэдэгдэв. 


Тэрээр СЗХ-ны дарга С.Даваасүрэнтэй өрөөндөө уулзаж, Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нөхцөл байдлын талаар ярилцав. Энэ үеэрээ тэрбээр, "Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой. Энэ шаардлагыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай өнөөдөр уулзахдаа ч тавьсан. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага FATF-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх болон улсын эдийн засгийг тогтворжуулж, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан ч гадаадад болон дотооддоо итгэл хүлээлгэхүйц орчин нөхцөл бүрдүүлж, үр дүнд хүрч чадсангүй. СЗХ санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор банк, санхүүгийн байгууллагуудын ажил, удирдлага, зохион байгуулалтад эрс шинэчлэл хийх зайлшгүй нөхцөл үүслээ. Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд СЗХ-ны дарга Танд хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ" хэмээн мэдэгдлээ.


"Монгол Улс FATF-ын "саарал жагсаалт"-д байгаа 12 улстай харьцуулахад, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудлаар хүндэрсэн орон биш юм. Гэвч Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, түүний хэрэгжилтийн байдал, Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ууд дүрмийн сангаа нэмсэн зэрэг нь нөлөөлсөн. Ерөнхийдөө Монгол Улс 33 их наяд төгрөгийн далд эдийн засагтай болсон байна" хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд, СЗХ-ноос Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хийж, гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн асуудлыг уулзалтын үеэр хөндлөө. 



СЗХ-ны дарга С.Даваасүрэн, "FATF-ын өнгөрсөн долоо хоногт гаргасан зөвлөмжид үндсэн дөрвөн асуудал байсан. Үүний нэг нь Санхүүгийн бус бизнес буюу алт, мөнгөний дархан, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажлыг зохицуулалтад хамруулж, шалгах шаардлагатай гэсэн байна. Үүнтэй холбоотой хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Тиймээс алт, мөнгөний дархан болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бизнесийг СЗХ-ноос албан ёсоор зохицуулж эхэлсэн" хэмээв. 


2014-2016 онд ББСБ-уудын тоо 200 хувиар өссөн ч зээлийн нийлүүлэлт бага, зээлийн хүү өндөр, ББСБ-ууд жижигрэх нөхцөл байдал үүсжээ. Тиймээс СЗХ-ноос 2016 оны 10 дугаар сард ББСБ-ын дүрмийн санг 2021 он хүртэл үе шаттайгаар 2.4 тэрбумд хүргэх шийдвэр гаргасан байна. Шийдвэрийн хэрэгжилтийг бүхэлд нь харахад, өнгөрсөн гурван жилийн хугацаанд ББСБ-уудын хөрөнгө 700 гаруй тэрбумаас 1.4 их наяд болж нэмэгдсэн байна. Нэмэгдсэн 700 тэрбум төгрөгийн 20 орчим хувь нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар ил болсныг СЗХ-ны дарга С.Даваасүрэн ярьж байв. Тэрбээр, "Дүрмийн санг нэмсэнтэй холбоотой ББСБ-ын зээлдэгчийн тоо 6 дахин өссөн. Харилцагчийн тоо 420 мянгаас 2.4 сая болж нэмэгдсэн. ББСБ-ын ажил чанаржиж байна" хэмээн тайлбарлаж байв. 


Дээрх шийдвэртэй холбогдуулан санхүүгийн мэргэжлийн холбоод гомдол гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад, энэ хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор ажлын баг гарч, шалгаад зөрчлийг арилгахыг даалгасныг СЗХ-ноос хэрэгжүүлээгүй хэмээн шүүмжилж байлаа.

Холбоотой мэдээ