Баянгол багийн нутгаар 150 орчим км морин аялал хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-24 12:30:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын байгалийн сайхан цогцолсон түүхэн дурсгалт газруудтай танилцах зорилго бүхий морин аялал зохион байгуулжээ.

Морин аялалд Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан 29 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсоны  5 нь эмэгтэй байв.

Аяллын багийнхан Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг буюу  “Шижигтийн хавцал” гэх газраас  хөдөлж,  Агуйт-Тошинт-Дэвсэг-Баянзуслан-Харгайтын гол-Баянгол-Цамбагарав уулын цогцолборт газар-Долоон нуур-Судалт хад-Түвшин-Хусны гол гэсэн маршрутын дагуу  нийт  150 орчим км замыг  хоёр  өдрийн  турш мориор туулсан байна.  

Морин аяллын багийн гишүүд хэлэхдээ, "Нутгийн туршлагатай хүмүүс морь унаж өгсүүр газраар явах, уулнаас уруудах талаар үргэлж зөвлөмж өгч байсан. Түүнчлэн морьдыг амраах, нутгийн дурсгалт газрын  түүхийг ярих, улмаар хүнд жинтэй нь хөнгөн жинтэй хүнтэй солигдох зарчмаар морьдыг ядраахгүй байх зэрэг зохицуулалт хийж, аюулгүй байдлыг сайтар хангаж  явсан" гэлээ.

Мөн морин аялалд оролцогчдын дунд үндэсний бөхийн барилдаан, эмэгтэй сумо бөх, олс таталтын тэмцээн зохион байгуулснаар аяллыг нэлээд сонирхолтой  болгожээ.

Эрдэнэбүрэн сум нь Хар-Ус, Баянгол, Намаржин, Хонгио, Шураг гэсэн 5 багтай. Энэхүү аяллын багийнхан цаашид Намаржин, Хонгио, Шураг багийн нутгаар морин аялал хийх  төлөвлөгөөтэй байна. Тиймээс дараагийн аялалд хүмүүсийг  идэвхтэй нэгдэхийг уриалав.

Эрдэнэбүрэн сум нь Ховд аймгийн төвөөс 75 км, Улаанбаатар хотоос 1552 км зайд оршдог. Газар зүйн байрлалын хувьд Их нууруудын хотгорын мужид хамрагддаг. Далайн түвшнээс 1182-4208 метр өргөгдсөн өндөр уулс, говь тал хосолсон нутагтай юм.

Цамбагарав уулын баруун хэсгээс эх авсан Хонгор өлөнгийн гол, Сухайт хайрханаас эх авсан Баруун гол хоёр нийлж Хонгион гол болж  90 гаруй км урсдаг.

Урт булгийн Хүрэнгийн ар гол, Асгат, Салбангийн эхнээс эх авсан Шурагийн гол 110 км үргэлжилнэ.

Ховд гол нь Шижигтийн хавцлаас бор модны арлын адаг Гахайтын бэлчир хүртэл Эрдэнэбүрэн сумын зүүн хил дагуу 60 орчим  км үргэлжилдэг аж.

Тус сумын нутагт улиас, бургас, хар мод, хус, харгана зэрэг модлог ургамлаас гадна 150 гаруй төрлийн бэлчээрийн ургамал, 100 орчим  төрлийн эмийн ургамал элбэг ургадаг.

Цамбагарав уулын өвөрт Зостын хаданд Нирун улсын үеийн цорын ганц дурсгал хуягласан морьт цэргийг урласан хадны зураг, Хонгион булан хөшөө, Хөх сайрын ам, Ацын арын хүн дүрст хөшөөнүүд, Ховд голын өндөр довоос Бээжин хүртэл үргэлжилдэг домогт Сартагтайн суваг, булш, хиргисүүр зэрэг  түүх, соёлын дурсгалт  газар олон бий.

Холбоотой мэдээ