“Эрчим хүчний төсөл-2” Өвөрхангай аймагт хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-24 15:31:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Өвөрхангай аймаг эрчим хүчний шугам сүлжээгээ шинэчилнэ.

ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас хариуцан ажилладаг 1534 км бүхий шугам сүлжээ нь анх 1984 онд ашиглалтад орж байсан учраас өдгөө муудаж, багагүй гэмтэл гарахын сацуу түгээлтийн алдагдалд ороод байгаа юм.

Тиймээс 5.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Эрчим хүчний төсөл-2”-ыг хэрэгжүүлж, нам хүчдэлийн шугам сүлжээг шинэчлэх, шонгийн модон тулгуурыг байгальд ээлтэй төмөр бетонон тулгуураар солих, айл өрхүүдийг ухаалаг тоолуурт шилжүүлэх, СИП бүрээстэй утас татах гэхчлэн олон шинэчлэлийг эрчим хүчний салбарт хийнэ.

Аймгийн хэмжээнд цахилгаан түгээлтийн алдагдал 11-13 хувьтай байгаа нь Олон улсын жишигт хэвийн бус гэж тооцогддог. Төсөл хэрэгжсэнээр түгээлтийн алдагдал 3 хувь хүртэл буурах аж.

Холбоотой мэдээ