Төслөөр нийлүүлэх автомашины онцгой албан татварыг чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-25 11:32:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.


Хуулийн төслийг Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм. Энэхүү төслийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн санхүүжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, хоёр дахь үе шатны 19.5 сая евро, 2018 оны хэлэлцээгээр төслийн гурав дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламжаар санхүүжүүлэхээр тохиролцсон. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн гуравдугаар зүйлд заасны дагуу тус төслийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын авто машиныг Онцгой албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. 


УИХ-ын Төсвийн байнгын хороо дээрх асуудлыг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж, зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураахад гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Холбоотой мэдээ