Наранхайрхан багийн нутаг дэвсгэрт хайгуулын ажил хийхийг иргэд эсэргүүцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-26 12:55:50

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэрт хайгуулын ажил хийхийг иргэд эсэргүүцэж байна. 

Тус газарт алт, зэс, холимог металлын эрэл хайгуул хийх зөвшөөрөл бүхий В лицензийг “Дорнын шим” ХХК эзэмшиж буй.  

Улмаар Наранхайрхан багийн нутаг “Их буурал” гэх газрын 1296 га талбайд “Дорнын шим” ХХК-аас хайгуулын ажил хийхээр шийдвэрлэж, хуулийн хүрээнд бүх шатны байгууллагаас зөвшөөрөл авчээ.  

Гэвч нутгийн иргэд тус компанийн хайгуулын үйл ажиллагаа нь цаашид хүн, малын ундны усны хэрэгцээг хязгаарлах, худаг усгүй болох эрсдэлд хүргэнэ гэж үзэж байгаа аж. Тиймээс Наранхайрхан багийн ИНХ-аас 35 айл өрхийн 63 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, тус компанийн үйл ажиллагааг явуулах боломжгүй гэсэн тогтоол батлан гаргажээ.   

Энэхүү шийдвэртэй холбогдуулан иргэд тус компанийн хайгуулын үйл ажиллагаанд хяналт тавих, улмаар зогсоох тухай хүсэлтийг мэргэжлийн байгууллагад ирүүлсэн байна. 

Иймд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа зэрэг  байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийжээ. 

Уулзалтын хүрээнд нутгийн иргэдийн саналын дагуу Буянт сум болон тус компанийн байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гаргах тухай санал гаргасан байна. 

Мөн тухайн компанийн зүгээс Наранхайрхан багийн нутаг дэвсгэрт түүх дурсгалын ховор нандин өв, соёлын судалгаанд хамаарах мэдээллийг мэргэжлийн байгууллагаар дамжуулан гаргаж, хуулийн хүрээнд иргэдтэй зөвшилцсөн тохиолдолд хайгуулын ажил зохион байгуулах чиглэлээр татгалзах зүйлгүй гэж аймгийн Засаг дарга Б. Дүгэржав  мэдэгдлээ. 

 

 

Холбоотой мэдээ