Б.Цацрал: Өнөөдөр ашгаа хүртэж чадахгүй байна гэж гомдоллох биш ирээдүйд ирэх ашгаа бид харах хэрэгтэй

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-10-28 15:05:38

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны мэдээллийн албаны мэргэжилтэн Б.Цацралтай ярилцлаа. 


- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн "Хуримтлалтай - Хувьцаатай иргэн" аян Өмнөговь аймагт үргэлжилж байна. Тус аймагт аяны үйл ажиллагаа ямар түвшинд явж байна вэ?

- Энэхүү аян 10-р сарын 12-ноос эхлээд Монгол Улсын 21 аймаг 330 сумаар явж нийт иргэддээ мэдээллээ өгч байгаа. Засгийн газрын 296-р тогтоол гарч, ЗГХЭГ, Сангийн яам, Уул уурхайн яам болон "Эрдэнэс Тавантолгой" ХК хамтран 1072 хувьцаа гэж яг юу юм бэ, хувь хишгийг нь яаж хүртэх боломжтой юм гэдгийг дэлгэрэнгүй танилцуулж байна. Мөн одоо өөрт нь хэдэн ширхэг хувьцаа байгааг хэрхэн мэдэж болох талаар ойлголт өгч байна.

- Өмнө нь бид цэнхэр ягаан тасалбарынхаа учрыг бүрэн ойлгож чадаагүй алдчихсан гашуун түүхтэй. Тэгэхээр энэ 1072 хувьцааг бас ингээд хийсгэчихмээргүй байгаа юм. Иргэд хэрхэн хүлээж авч байна вэ?

- Хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг өгч байна. Иргэн хүн би өөрөө ямар хувьцаатай вэ гэдгээ мэдэхийн тулд эхлээд санхүүгийн зах зээл гэж юуг хэлээд байгаа юм, Хөрөнгийн зах зээлд хувьцаа бонд арилжаалагдаад байгаа нь юу байдаг юм гэдэг ойлголттой болох хэрэгтэй байна. Ер нь энэ тухай ойлголт бид нарт цоо шинэ зүйл биш юм. Өмнө нь 1992 онд цэнхэр ягаан тасалбар гэдэг зүйлээр хөрөнгийн зах зээлтэй танилцаж байсан. Гэхдээ энэ цэнхэр ягаан талсалбараас иргэд хэр ашиг хүртэж чадсан юм бэ гэхээр бараг 90-ээд хувь нь үр өгөөжөө хүртэж чадаагүй гэдэг. Учир нь энэ талаарх ойлголт иргэдэд байгаагүй. 

Энэ бол бид нарт ирж байгаа хоёр дахь боломж юм. Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаанаас бид хэрхэн ашиг хүртэх боломжтойг мэдэхийн тулд тухайн компанийн талаар мэдлэгтэй болох хэрэгтэй л дээ. Бид 21 аймгаар тойроод явж байна. Гэтэл иргэдийн оролцоо маш муу байна. Ялангуяа амьдралдаа яг одоо хэрэгжүүлж эхлэх ёстой залуучуудын оролцоо тааруу байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК нь өөрөө нүүрс олборлодог компани юм. Найман тэрбум тонн нүүрсний нөөцтөй.  Үүний 69 хувь коксжих нүүрс, 31 хувь нь эрчим хүчний нүүрс байгаа. 69 хувь нь коксжих нүүрс гэдэг энэхүү нөөцийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг орд. Энэхүү найман тэрбум тонн ордыг 100-150 жил ашиглах тооцоо бий. Өнөөдөр үр өгөөжийг нь хүртээгүй, үнэ цэнийг нь мэдэхгүй байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК үйл ажиллагаагаа явуулаад 9 жил болж байна. Цаашдаа үйл ажиллагаа нь улам сайжирна. 100-150 жил үйл ажиллагаа явуулах компанийн хөрөнгө оруулагч нь иргэд өөрсдөө.  Тиймээс зөвхөн өнөө маргаашаа харж дүгнэлт хийлгүйгээр ирээдүйнх нь үр өгөөжийг харах хэрэгтэй байгаа юм. 

- Одоо тэгвэл яаж ашгаа хүртэх вэ?

- Хувьцаа эзэмшигч хоёр янзаар ашгаа хүртэж болдог. Нэг нь ногдол ашиг нөгөө нь ханшийн зөрүүний ашиг. Ногдол ашгийг Монгол Улсад компанийн тухай хуулиар хуульчилсан байдаг. Бүх хувьцаат компаниуд үүний дагуу ногдол ашгаа олгодог гэсэн үг. Тухайн хувьцаат компани нэг жил үйл ажиллагаагаа явуулаад жилийн эцсийн тайлангаар цэвэр ашгаа тооцно. Үүний дараа ТУЗ-ийн хурлыг зарлаж тэд шийдвэрээ гаргадаг юм байна. Тэндээс нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашгаа хүртээе гэх юм бол та эзэмшиж байгаа хувьцаандаа ногдсон ногдол ашгаа авна. Магадгүй та хувьцаанаасаа сургалтын төлбөрөө төлүүлчихсөн бол үлдсэн хувьцааныхаа хэмжээнд ногдол ашгаа авна гэсэн үг юм. Хэрвээ ТУЗ-ийн хурлаар ногдол ашиг олгохгүй гэх юм бол нөгөөх ашиг бүтээн байгуулалтад зарцуулагдана. Тухайлбал компанийн тоног төхөөрөмж сайжруулах, дэд бүтцээ хөгжүүлэх гэх мэт зүйлст зарцуулна гэсэн үг. Энэ нь эргээд танд ирэх ногдол ашгийг нэмэх буюу илүү ашиг олох боломжит бүтээн байгуулалтад зарцуулдаг юм. Тэгэхээр өнөөдөр ашгаа хүртэж чадахгүй байна гэж гомдоллох биш ирээдүйд ирэх ашгаа бид харах хэрэгтэй.

-Сонгуулийн үеэр иргэн бүрт 300 мянган төгрөг өгөөд байсан санагдах юм. Тухайн үед иргэд энэ талаар нарийн мэдлэг байхгүй мөнгө өгч байна гэсэн сургаар шахуу очоод мөнгөө авчихсан шүү дээ.

- Иргэдээс, "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас ашиг хүртсэн үү гэж асуухаар ихэнх нь үгүй гэж хариулдаг юм. Монгол Улсын бүх иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас ашиг хүртэж байсан. Оюутнууд хоёр удаа сургалтын төлбөрөө төлүүлсэн. Үүнийг улсаас төлж байна гэж ойлгосон юм шиг байна. Гэтэл улс хувьцаанаас нь аваад оронд нь сургалтын төлбөрийг нь хийж өгсөн байдаг. Мөн хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэн бүрт 21 мянган төгрөг өгсөн. Ахмад настнуудад сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөг гээд зөндөө ашиг хүртсэн байдаг. Үүнээс гадна иргэд “Сайн хувьцаа” хөтөлбөрөөр иргэд 300 мянган төгрөг авсан. Зарим нь 100-200-г авсан байдаг. Тухайн үед Засгийн газар тэр их хэмжээний бэлэн мөнгөний хуримтлал байгаагүй учраас БНХАУ-ын "Чалко" компанитай гэрээ хийгээд үүнийхээ дагуу банкуудаас зээл авч өгсөн байдаг. Энэхүү зээлийг 2016 оныг хүртэл "Эрдэнэс Тавантолгой" ХК төлсөн юм. Иймээс иргэдийн аваад байсан дээрх мөнгөний төлөгч нь "Эрдэнэс Тавантолгой" ХК байсан. Хэрвээ ийм их өр тавиагүй байсан бол магадгүй хэдэн жилийн өмнөөс ногдол ашгийн тухай яригдах байсан байх.

-Тэгэхээр хүний хөгжлийн сан, “Сайн хувьцаа” хөтөлбөр зэргээс авсан мөнгөн дүн бидний хувьцаанаас хасагдсан гэсэн үг үү.

-Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөг бол хувьцаанаас хасагдаагүй. "Чалко"-гаас зээл аваад бид нарт өгчихсөн үүнийг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК төлж барагдуулсан гэсэн үг. "Сайн хувьцаа" хөтөлбөрөөр та 300 мянган төгрөг авсан бол танд одоо 750 ширхэг хувьцаа үлдсэн гэсэн үг. Энэ мөнгийг авч байгаа иргэд таг мэдэхгүй авчихсан юм уу гэхээр үгүй. 300 мянган төгрөг авч байгаа иргэн өөрөө Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлтээ гаргаж, гэрээ байгуулаад хувьцаагаа худалдсан байдаг. Сургалтын төлбөр болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн адил хувьцаагаа Засгийн газарт худалдчихсан. Засгийн газраас нэг ширхэг хувьцаа нь 933 төгрөг гээд нэрлэсэн үнэтэй. Үүнийгээ 1072-р үржүүлэхээр энэ нь нэг сая төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаа болж байгаа юм.

- Иргэд хувьцаанаас худалдаж авъя гэвэл яах вэ?

- Одоогоор хувьцаа худалдах хаалттай. Хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагдаад ирэхээр тухайн хүн хувьцаагаа зарж, худалдан авч болох эрх үүснэ. Мөн нас барсан хүнийхээ хувьцааг өвлөөд авах, бэлэглэх эрхүүд нь нээгдэх юм.

- Одоо төрж байгаа хүүхдүүд хувьцаатай юу?

- Бүх иргэндээ 1072 хувьцааг эзэмшүүлье гэдэг тогтоол нь 2012 оны 4 сарын 11-ний өдөр гарсан байдаг. Тэгэхээр энэ өдрөөс өмнө төрсөн бүх хүн хувьцаатай гэсэн үг. Үүнээс хойш төрсөн хүүхдэд хувьцаа олгох талаар Засгийн газарт хэлцэгдэж байгаа гэсэн.

- Өмнөговь аймагт иргэдийн оролцоо хэр байна вэ?

- Бид аймгийн төвүүдэд хоёр хоног ажиллаж байгаа. Өмнөговь аймагт дөрвөн баг ажиллаж байгаагийн хоёр баг нь аймгийнхаа төвд ажиллаж байна. Эхний өдрөө бид төрийн албан хаагчдад ажлын байран дээр нь очоод сургалтаа хийгээд явсан. Харин хоёр дахь өдрөө нийт иргэддээ хүргэх төлөвлөгөөтэй байсан хэдий ч иргэдийн оролцоо хангалтгүй байна. Ирж байгаа хүмүүс нь нөгөө л өвөө эмээ. Хөрөнгийн зах зээл дээр гараад өрх гэрийнхээ санхүүг тэлэх залуус сургалтад огт оролцохгүй байна. 

Холбоотой мэдээ