Тархинд цус харвах эрсдэлийг хэрхэн бууруулахыг хэлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-29 14:42:21

ЛОНДОН. /РИА Новости/. Дэлхий дахинд өдөр бүр тархины цус харвалтын хэдэн зуун мянган тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд амьдралын хэмнэл, стресстийн түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор тархины цус харвалт харьцангуй залуужиж байгаа юм.


Их Британийн Үндэсний эрүүл мэндийн системийн мэдээлснээр, Их Британид 5 минут тутамд тархины цус харвалтын нэг тохиолдол бүртгэгддэг байна. Өнгөрсөн зууны төгсгөлд тархины цус харвалтын эрсдэлийн бүсэд 45-аас дээш насны эрэгтэйчүүд болон 55-аас дээш насны эмэгтэйчүүд багтаж байсан бол өнөө үед 30 настай хүмүүс төдийгүй 25 настай залуу хүмүүст энэ өвчин тохиолдох болжээ.


Удамшлын шинж чанар, судас битүүрэх, холестерин өндөртэй байх зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотойгоор тархины цус харвалт үүсдэг хэдий ч илүүдэл жин, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний хэм алдагдал зэрэг бусад хүчин зүйлүүд нь мөн тархины цус харвалт үүсгэх өндөр эрсдэлүүд болохыг мартаж болохгүй юм. Тамхи болон архины зохисгүй хэрэглээ нь энэ өвчнийг үүсгэх эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг.


Залуу үе болон дунд эргэм насны олон цагаар ажилладаг хүмүүсийг эмч нар энэ өвчний эрсдэлийн онцгой бүлэгт хамруулдаг байна. Байнгын сэтгэл санааны хямрал,  ажлын цаг тогтмол бус байх зэргээс гадна сэтгэл зүйн таагүй уур амьсгал нь адреналин ялгаруулж, цусны даралт ихсэхэд хүргэдэг байна.


Тархины цус харвалтын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тэнцвэртэй хоолны дэглэм барих, биеийн дасгал хөдөлгөөн хийж, муу зуршлуудаасаа татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Холбоотой мэдээ