Б.Наранбаатар: "Хүүш Дамдин гэж 33 удаа хашхирлаа" хэмээн зад загнуулж явлаа шүү дээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-05 13:12:02

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудынхаа дунд "Ятгын Наранбаатар", "Соёл-Эрдэнийн Наранбаатар" гэгддэг, Буриад болон Өвөрмонголд "Монголын Наранбаатар" гэж алдаршсан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриадын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Бадамгаравын Наранбаатартай ярилцлаа. Тэр бүр олны өмнө ил гардаггүй ч уран бүтээлээ зогсолтгүй туурвисаар яваа түүнд  хүндэтгэл илэрхийлэх тоглолт 11 дүгээр сарын 5-нд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болох гэж байна. 


- Сайхан намаржиж байна уу?

- Сайхан намаржиж байна аа. Энэ жилийн намар илүү сартай, сайхан болж байна даа.

- Таныг загасанд явах дуртай гэж сонссон...Шөлний загастай хамт ноотны “загас” ч барьж байгаа байх. Шинэ уран бүтээл юу байна?

- Загас барих бол миний хобби юм даа. Олон жил загасанд явжээ. Гэхдээ хорхойгоо дарж, дэгээдэж бариад буцааж тавих нь их л дээ. Харин одоо энд тэндгүй ухаж төнхөөд гол усны урсгал муудаж, загас ч ховор болжээ. Фэйсбүүкээр харж байхад, манай залуучууд спорт талаас нь сонирхож бариад, буцааж тавьдаг болсон нь сайшаалтай юм. Мэдээж, шинэ бүтээл оролдож л сууна. Дуусаж барагддаггүй, ятганд зориулсан "Монгол туургатны ардын дууны цуврал" гэсэн бүтээл дээр л хамаг цагаа барж байна даа.

- “Соёл Эрдэнэ” чуулгын ой болж байна. Энэ чуулгыг байгуулалцсан түүхээсээ бидэнтэй хуваалцаач? 

- "Соёл-Эрдэнэ" чуулгыг 1969 онд Ятгын дөрвөл дээрээ үндэслэн 4 хүн нэмж аваад байгуулсан. Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Д.Цэрэнбат, Б.Эрдэнэхуяг, мөн гитарчин Д.Галсанбат, бөмбөрчин Г.Жаргалсайхан, дуучин Б.Нандинцэцэг, Л.Амарсанаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр УАДБЧ-ын дэргэд байгуулан хөгжим аппаратураа Японд захиад, тэр хооронд нь хөгжмөө эзэмших, олон хоолойгоор дуулж сурах, түүнийг найруулах гээд мөн ч их ажил ундарч байлаа. Ядаж энэ төрөлд зааж сургах хүнгүй, багшгүй тул өөрсдөө л бүгдийг сурах гэж мэрийж байлаа. Ингээд бид УАДБЧ-аас гаралтай учир ардын дууны арвин сангаас авч рок поп хэлбэрт оруулан найруулж, олон хоолойгоор дуулж хөгжимдөж эхэлсэн юм. 1971 оны 10 дугаар сарын 25-нд МХЗЭ-ийн 50 жилийн ойгоор анхны албан ёсны тоглолтоо хийсэн. Улмаар Монгол Улсын филармони байгуулагдахад "Соёл Эрдэнэ" болон "Баян монгол" чуулгыг Улсын филармонийн харьяанд шилжүүлж "Муурын байшин" хэмээн бидний нэрлэсэн филармонийн байранд ирсэн. 2021 онд" Соёл-Эрдэнэ" чуулгын маань 50 жилийн ой болно. Үе үеийн "Соёл-Эрдэнэ"-ийнхэндээ мэнд дэвшүүлэхийн ялдамд энэ ойдоо одооноос шургуу бэлтгэхийг хүсье. Манай дуучин агсан Б.Баяраагийн хүү Б.Хонгор энэ талаар сэтгэл тавьж байгаад би их баяртай байгаа. Бид хоёрт уулзаж ярилцах юм бас бий. Ганц бид хоёр ч биш бүх "Соёл-Эрдэнэ"-ийнхэнтэйгээ уулзана даа.


- Алдарт “Цэнхэр залаа”-г танаас салгах аргагүй. Монголын үндэсний телевизээр өдөр бүр эгшиглэж, цаг агаарын мэдээний сүлд дуу болсоор олон жил боллоо шүү...

- "Цэнхэр залаа"-г манай С.Баатарсүх анх гитарт зориулж бичсэн байсан юм. Үүнийг би ятганд зориулан найруулж, хөгжимдсөн нь одоо хүртэл Монголын ард түмний сонорыг мялаасаар байгаад үнэхээр баяртай явдаг шүү.  

Европоос гаралтай эстрад хөгжмийг монгол ардын дуутай хослуулсан хүн бол Та. Тэр үед ойлгох, ойлгохгүй олон асуудал гарч байсан гэдэг байх аа?

- Ардын дууг олон хоолойд найруулан хэм хэмнэлийг нь орчин үеийн этник, поп рок болгосон нь тухайн үеийн хаалттай нийгэмд залуучуудын сонирхлыг онцгой татсан хэрэг л дээ. Ямар сайндаа л тоглолт эхлэх гэтэл билет дууссан учир баахан залуус дайрч орж ирэх гээд театрын хаалга эвдэж, өвлийн хүйтэнд гал команд ирж усаар шүршиж, нохойтой цагдаа нар ирж зохицуулж байх вэ дээ. Тухайн үед үзэл суртал гэж нэг айхтар юм байлаа. Жишээ нь, урт үстэй, өргөн өмдтэй, бүрх малгайтай энэ нөхдүүд ер нь юу хийгээд байна аа гээд л элдэв шалгалт, шүүмжлэл мундахгүй шүү дээ. "Хүүш Дамдин" ардын  дууг рок маягаар би найруулж, Ж.Батсайхан тэргүүтэй бид хамтлагаараа дуулсан юм. Тэгсэн чинь "Хүүш Дамдин гэж 33 удаа хашгирлаа, энэ чинь одоо юу болж байна аа" гэх мэтээр намын үзэл суртлынханд зад  загнуулж байлаа шүү дээ.


- Та олон жил Буриадад амьдарсан. Ер нь яагаад Буриад руу татагдах болов?

- Би Буриадын алдарт "Байгал" чуулгыг манайд айлчлан тоглосон 1968-1969 оны үеэс мэдэх болсон. Тэдний дуу хөгжмийн найруулга, зохиомж, гүйцэтгэл нь үнэхээр сайхан өвөрмөц байлаа. Тэр үед алдарт дуучин Ч.Г.Шанюшкина, Ким Базарсадаев, хөгжмийн удирдаач Чингиз Павлов нар болон олон сайхан бүжигтэй тун өвөрмөц калориттай концерт байв. Ялангуяа, дуулж буй дуунууд нь үнэхээр сэтгэлд ойр санагдаж байлаа. 1990 онд Буриадын соёлын яамнаас манай Соёл урлагийн хөгжлийн хороонд ардын болоод эстрадын төрлөөр мэдлэгтэй хөгжмийн зохиолч явуулна уу гэж хүссэн юм билээ. Тэр үеийн Соёл урлагийн хөгжлийн хорооны дарга Б.Бадар-Ууган найз маань надад хандсанаар 1991 онд "Байгал" чуулгатай холбогдсон түүхтэй. Очингуутаа ятгын чуулга байгуулж Бүх Оросын Холбооны улсуудын Ардын хөгжмийн уралдаанд бэлтгэж оруулсан нь тэргүүн байрын диплом хүртсэн. Анх очиход оркестр нь 6-7-хон хүнтэй, баянхуур болоод гитартай нэлээн доод түвшинд байв. Тэгээд оркестрыг өргөтгөхөөр санаа шулуудаж монгол шанз, монгол лимбэ, их хуур, морин хуур, ятга зэргийг нэмж 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болгосон. Хожим хоёр оркестр нийлэхэд бүр ч сайн дуугарах болсон юм. Энэ театрт надад хийгээгүй ажил бараг байхгүй дээ. Ятгын чуулгын багш, оркестрын удирдаач, хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач, урансайхны удирдаач гээд л мөн ч олон алба хашсан юм байна.


- Ганц жил ажиллах гэж очоод 17 жил болчихсон гэдэг бил үү?

- Ингээд "Байгал" театрын урын сан өргөжиж, уран бүтээлийн чанар сайжирсан тул гурав гурван  жилээр сунгасаар нэг л мэдэхэд 16-17 жил өнгөрсөн байсан даа.

- Оросын Засгийн газрын тэргүүнээс дээд шагнал хүртсэн тухайгаа дурсаач...?

- 2006 онд "Байгал" чуулга маань "Бадма Сэсэг" чуулгатайгаа нэгдэн Буриадын Дуу Бүжгийн Үндэсний Театр болон өргөжиж, цоо шинэ уран бүтээлээ төлөвлөн "Угайм сүлд" хэмээх хөгжимт дуу бүжгийн бүрэн хэмжээний дуулалт бүжгийн жүжиг хийж, би хөгжмийг нь бичсэн юм. Энэ уран бүтээлийн бүжиг дэглэгч, найруулагчаар нь Д.Ж.Бадлуев амжилттай сайн ажилласан. "Байгал" театрынхны хувьд том хэмжээний уран бүтээл байв. Жилийн дараа Бүх Оросын мэргэжлийн 88 театрын уран бүтээлийг шалгаруулахад "Угайм сүлд" шалгарч ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн дээд /Төрийн дээд шагналуудын нэгд ордог/ шагналыг хүртсэн дээ. Энэ хүндтэй шагналыг аваад Монголдоо ирэхэд манай уран бүтээлчид надад зориулж миний бүтээлээр хүндэтгэлийн концерт тоглож билээ. Энэ концертыг "Харанга" хамтлагийн Ц.Чулуунбат маш сайн зохион байгуулж надад том сюрприз барьж байсныг дурсахад таатай байна.

Бас нэг сайхан дурсамж бол ОХУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд В.Говорин болон элчин зөвлөх Рыгзын Ракшаевич нар эхнэр бид хоёрыг хүлээн авч уулзан баяр хүргэж байсан юм. Элчин сайд В.Говорин "Таныг ерөнхийлөгч хүлээн авсан уу" гээд "Үгүй" гэхэд "Аан би тэгвэл түүнээс өмнө баяр хүргэж амжжээ" хэмээн инээдэм болцгоосон юм. Удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүлээн авч уулзаад баяр хүргэж билээ. Тэгээд нэг их удаагүй байтал СТӨ-ний дарга Байгалмаа орой 22 цагийн үед утасдаж маргааш 12 цагт Төрийн ордонд бэлэн бай гэв. Ингэж л Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх хүндтэй шагналыг хүртсэн дээ.


- Та аль ч төрийн шагналуудаас илүү авьяаслаг сайхан хүүхдүүдтэй хүн. Нар-Оюу охиныхоо тухай яриач...

- Нар-Оюу бол миний отгон охин. Багаасаа л намайг дагаж, театрт очиж, загасанд явдаг байсан аавын амин охин байгаа юм. Биднийг оюутан байхад Санкт-Петербург хотод төрсөн. Үргэлж дуу хөгжмийн дунд өссөн нь хөгжмийн зохиолч болоход нь нөлөөлсөн байх. Багаасаа л хөгжмийн бага, дунд, дээд сургуульд суралцан төгсөж одоо ардын болоод сонгодог, эстрадын бүх л төрлөөр зохиолоо бичиж, аранжировкаа өөрөө хийдэг. Бас дуулах хоббитой. Найрал дуу удирдах, төгөлдөр хуур тоглох гэх мэт урлагийн бүх л төрлөөр мэргэшсэнд нь охиноороо бахархдаг даа.


- Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн, Монголын рок попын од гэж нэрлэгдэх болсон Халиуны тухай ярихгүй байж боломгүй. Хүү нь аавыгаа яаж хөглөж байна?

- Миний хүү Халиун их авьяаслаг хөгжмийн зохиолч, аранжировщик. Түүнийг монголчууд надаас илүү таних байх аа. Би хүүтэйгээ загасанд бас их явдаг. Миний том охин Хулан бас хөгжимчин. Одоо Англид гэр бүлтэйгээ амьдарч, хүүхдүүдэд төгөлдөр хуур зааж, багшилж байгаа. Нар-Оюу, Халиун хоёр уран бүтээл хийхдээ ер нь л надаас асуухгүй шүү дээ. Бодвол намайг хоцрогдсон гэж боддог байлгүй дээ /инээв/. Харин Золбоо хүү маань хөөрхөн дуулдаг ч урлагаар яваагүй. БНСУ-ын Сөүлд бизнесийн удирдлагаар магистр хамгаалж ирээд бизнес хийж байна.

- Танайх бол урлагийн гэр бүл. Урлагийн гэр бүл байхын онцлог гэвэл Та юу хэлэх вэ?

- Ер нь урлагийн гэр бүл байна гэдэг нэлээд түвэгтэй ч удам дамжсан авьяастнууд төрөөд байгаад нь баярладаг. Хамгийн гол нь, хийж бүтээснээрээ өөрсдийгөө овоглоод танигдаад явж байгаа нь их сайн хэрэг. Халиунд маань ч бас л их хожуу Урлагийн гавьяат зүтгэлтэн цол өгсөн дөө. Гэхдээ бид цол хүртсэнд нь их  баярлаж явдаг. Энэ нь бидний өөрсдийгөө дөвийлгөн рекламддаггүйтэй ч бас холбоотой байж мэднэ. Одоо миний охин Нар-Оюу ч хойд, урд хөршүүдэд танигдсан сайн уран бүтээлч болсон. Монголд маань бас л сайн мэдэхгүй л байх шиг байдаг. Гол нь манай охин хөгжмийн бараг бүх төрлөөр зохиолоо бичиж, эстрад болоод ардын хөгжмийн талаар бол ер нь мэргэшсэн хүн.

- Нэгэн цагт Таны үеийнхэн үзэл суртлын байгууллагын хараа хяналтад байж, хийж бүтээснээ хүртэл хянуулж явсан. Одоо харин бүгдээрээ л гавьяа шагнал хүртэж шүү...?

 - Миний үеийн "Соёл-Эрдэнэ"-ийн нөхдөөс Д.Цэрэнбат, Б.Эрдэнэхуяг, Г.Жаргалсайхан нар л амьд сэрүүн байна даа. Нээрэн бараг бүгдээрээ гавьяат болчих шиг боллоо.


- Таны үеийнхэнд бас нэг онцлог байна. Үр хүүхдүүд тань бараг бүгд Та нарын авьяасыг залгамжилж нэр төртэй явна. Шинэ үеийнхнийхээ тухай яривал...?

- Би залуу үеэрээ их бахархдаг. Ялангуяа рок попын залгамжлагчиддаа баяр хүргэе. Одоо ингээд харахад бидний найз нөхдийн хүүхдүүд бүгд л их урлагт зүтгэж, амжилттай сайн явна. Жишээ нь, миний найз Ж.Батсайханы хүү Б.Батчулуун "Никитон", Батмөнхийн хүү Чинбат "Эмоүшн", Хатанбаатарын хүү Лхагвасүрэн "Харанга", дуучин Б.Баяраагийн хүү Хонгор, дуучин Д.Ганхуягийн хүү Онон хөгжмийн зохиолч, Тэнүүн дуучин, Б.Бадар-Ууганы хүү Наранзун продюссер, манай МУГЖ дуучин, продюсер Б.Дашдондогийн "The Hu" хамтлаг дэлхийд данстай болон гялалзаж яваад би маш их баярладаг. Бас С.Сүхбаатарын хүү Амармандах репер, Нямхүүгийн Баярхүү аранжировщик, Цэцэрлэгийн охин Эрдэнэтунгалаг дуучин, Лхагвадоржийн хүү Балхжав хөгжмийн зохиолч гэх мэт олон авьяастан байна даа. Энэ мэтчилэн шинэ үеийн залуусаараа бахархаад баршгүй. Та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байг.

- Таны хань бол нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагд гуайн охин Оюун. Бас  урлагийн доктор байх аа?

Үнэндээ миний хань энэ олон жил миний арын албыг ганцаараа нуруундаа үүрч яваа хүн дээ. Ер нь уран бүтээлч хүний ард ажил мэргэжлийг нь ойлгон түшиж тулах хань их хэрэгтэй. Дорнын яруу найрагч Бэгзийн Явуухулан гуайн бичсэнчлэн

Аальхан бор монгол бүсгүй

Амьдралд хөтлөх алтан харгуй

Өрх татах үүрийн туяа

Өнөд ханилах ханийн заяа... гэгчээр би ханьдаа баярлаж, ханиараа бахархаж явдаг. 2005 онд ОХУ-д Соёл судлалаар доктор хамгаалсан. 


- Танайхан урд хөрштэй нэлээд холбоотой байдаг. Сүүлийн үед хаагуур явж ямар уран бүтээл туурвив? 

- Монгол туургатныхаа өв соёл, ардын дуу хөгжим, язгуур урлагийг судлах, түүний хөгжилд өөрийн хувь нэмрийг өчүүхэн ч болов оруулахсан гэж хичээж явна даа. 1991 оноос 2007 он хүртэл ОХУ-ын Буриад улсад, 2007 оноос БНХАУ-ын ӨМӨЗО-ы мэргэжлийн урлагийн байгууллагуудад өнөөг хүртэл хөгжмийн зохиолч, багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд олон арван шавьтай болж, эдгээр орны ардын дуу хөгжмөөс суралцсаар л явна.

- Буриадад болох хүндэтгэлийн тоглолтын тухай хэзээ яаж мэдэв?

- Саяхан л мэдлээ. Тэд санаачлаад бүх бэлтгэлээ хангачихлаа, Та зүгээр л, өөрийн биеэр бэлэн бай гэсэн. Яаж хов хоосон очих вэ, сандраад жаал жуул бэлтгэл хангаад мордох гэж байна.


- Та уран бүтээлээрээ Монголынхоо уралдаан тэмцээнд яагаад ордоггүй юм бэ?

-  Энд байхаасаа байхгүй нь их юм даа.

- Та "Аман хуур" киноны хөгжмийг  хүүхэд байхдаа тоглосон гэдэг бил үү?

- Тэгсэн. Тэр киноны аман хуур хөгжмийг сайн тоглосон гээд чамгүй мөнгө шагналд нь авч байлаа шүү дээ.

 - Түүнээс хойш таныг манай хөгжмийн том зохиолчид таньдаг болсон гэсэн. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д.Лувсаншарав гуай миний хөгжмийг Наранбаатар их сайн найруулж тоглодог  гэж ярьдаг байсан даа...

 - Лууяа гуайн олон дууг ятганд найруулан тоглож байсан. "Аман хуур" киноных нь хөгжмийг тоглосон хүүхэд гээд надад их сайн байсан.  Агуу Лууяа намайг нэг бус удаа магтаж  телевизээр  ярьж байсанд нь баярлаж явдаг шүү.


- Таны алдар цолыг бүрэн бүтнээр нь бид мэдэхгүй шүү дээ, яаж цоллуулдаг билээ?

 - Ах нь өөрийгөө дөвийлгөх дургүй ээ. Энд тэнд буруу зөруу бичих явдал байдаг. Тиймээс би чамд бичээд өгье / Тэрбээр цаасан дээр "Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн дээд шагналт, Буриад улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, Дэлхийн залуучууд, оюутны их наадмын алтан медальт " гэж бичиж өгөөд  Монгол, Орос, Буриадаас баахан хүндэт жуухтай гээд инээв/.




Холбоотой мэдээ