Сэтгэл зүйн эрүүл мэндэд зарцуулсан 1 доллар нь 4 долларын өгөөжтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2016-04-14 15:25:32

ЛОНДОН. /VOA/. Сэтгэл санааны тавгүй байдал, айдас түгшүүрийг эмчлэхэд зарцуулсан 1 доллар нь тухайн хүний эрүүл мэнд нь сайжирч, ажиллах чадвар нь нэмэгдсэнээр  4 долларын өгөөжийг нийгэм-эдийн засагт авчирдаг гэдгийг  Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ судалгаанд онцлон дурджээ.

Эдгээр өвчний улмаас дэлхийн эдийн засагт 1 их наяд долларын хохирол учирдаг болохыг дээрх судалгаа харуулж байна. Уг судалгааг бага, дунд, өндөр орлоготой 36 орны ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан хийжээ.

Дэлхий даяар сэтгэл санааны хямралд өртөж буй хүмүүсийн тоо 1990 онд 416 сая байсан бол 2013 онд 615 саяд хүрч өсчээ. Ийм учраас 2030 он хүртэлх хугацааны Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх  “Ядуурал болон тэгш бус байдлыг халах төлөвлөгөө”-нд сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг тусгасан байна. 

Дээрх судалгаанд дурдсанаар, мэдээллээ ирүүлсэн улс орнуудын хувьд эрүүл мэндийн салбартаа төсөвлөж буй нийт хөрөнгөний дунджаар 3 хувь нь сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулагддаг ажээ. Тодруулбал, бага орлоготой орнуудын хувьд энэ үзүүлэлт 1 хувь, өндөр орлоготой орнуудад 5 хувь байх жишээтэй. 

“Дэлхий дээр хэдэн зуун сая хүн сэтгэл санааны хямралд өртөж байгаа боловч тэдний эрүүл мэндийн асуудал орхигдсоор ирсэн” гэдгийг  Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким сануулан дурдлаа. “Энэ бол зөвхөн ард иргэдийн эрүүл мэндийн асуудал биш, энэ бол хөгжлийн асуудал” гэж тэрбээр үзэж байна. 

Вашингтон хотноо болж буй Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн Хаврын уулзалтын үеэр болсон Дэлхийн банк-ДЭМБ-ын зөвлөлдөөнд улс орнуудын Эрүүл мэндийн болон Сангийн сайд оролцож, сэтгэл санааны эрүүл мэндийн асуудлыг дэлхий дахины хөгжлийн асуудалтай холбон хэлэлцсэн юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ