Сансрын нисэгчдийг саран дээр буулгах аппаратын зураг төслийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-11-06 12:28:27

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Boeing” корпорац сансрын нисэгчдийг сарны гадаргуу дээр буулгах зориулалттай аппаратын зураг төслийг сансар судлалын NASA агентлагт танилцуулжээ.


Одоогоор “Human Lander System” /HLS/ гэж нэрлээд байгаа уг аппарат нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээрийн нэг нь дэлхийн дагуулын гадаргуу дээр буух, нөгөөх нь тойрог замд оруулах үүрэгтэй байна. “Boeing” компанийн мэргэжилтнүүд хэд хэдэн аппаратыг олон дахин хөөргөж, сарны тойрог замд байрлуулахтай холбоотой хүндрэлээс зайлсхийхийн тулд хоёр төхөөрөмжийг хоёуланг нь нэг хүнд зөөгч пуужингаар /Space Launch System/ хөөргөхөөр төлөвлөжээ. Энэ тохиолдолд сарны гадаргуу дээр буух ажиллагаа 11 биш таван үе шатанд хуваагдана гэж “Boeing” корпорац мэдээлсэн байна.


Уг аппарат нь NASA-гийн захиалгаар бүтээж байгаа, сар орчмын “Gateway” станцтай эсвэл “Lockheed Martin” компанийн бүтээж байгаа “Orion” хөлөгтэй холбогдох боломжтой ажээ.


NASA сарыг эзэмших шинэ хөтөлбөрөө өнгөрсөн хавар “Artemis” гэж нэрлэснээ мэдэгдсэн билээ. Уг хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний үе шатанд “Space Launch System” хүнд пуужинд суурилуулсан “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирэх бөгөөд энэхүү үе шатыг 2020 оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх аж. 2022 онд товлосон хоёр дахь үе шатанд манай гарагийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2024 онд гурав дахь үе шатанд NASA сансрын нисэгчдийг саран дээр буулгахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ