Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДОАШТ-д шагналт IY байр эзлэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-06 13:38:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 10 дугаар сарын 31-ээс энэ сарын 4-ний өдөр БНХАУ-ын Шиамень хотноо болж Монголын шигшээ баг шагналт IY байр эзэллээ.


Монголын баг Тайваны Кинмень хотноо энэ оны 4 дүгээр сард болсон 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрт шалгарснаар энэ тэмцээнд оролцох эрх авсан юм. ДОАШТ-нд 5 тивээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 баг оролцсон байна. Монголын баг Мон-Алтиус БТДС нэр дээр О.Энхбаатар, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, А.Ананд нарын бүрэлдэхүүнтэй, дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор өрсөлджээ.


Манай баг энэ тэмцээний С хэсэгт Португал, Малайз, Сенегалын багтай нэг хэсэгт тойргоор тоглон хэсгээсээ шалгарч, шөвгийн 8-д орсон юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Чили улсын багтай, хүрэл медалийн төлөө талбайн эзэн БНХАУ-ын шигшээ багтай өрсөлдөн хожигдсоноор 16 багаас шагналт 4 дүгээр байрт орлоо. Монголын оюутны шигшээ баг 2016 оны Дэлхийн аваргын мөнгө, 2017 оны Дэлхийн оюутны лигийн аварга болж байсан юм.


   

Холбоотой мэдээ