Зүрх судасны өвчнийг хянах төхөөрөмж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-11-08 16:27:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-аас зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахад нэн шаардлагатай 14 төрлийн 334 ширхэг тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн анхан шатны 16 байгууллагад гардууллаа.

Эдгээр тоног төхөөрөмжид зүрх судасны өвчний эрсдэлийг тооцох, хянахад зориулсан цусан дахь өөх тосны хэмжээг тодорхойлох аппарат, цусан дахь сахар хэмжигч, тэдгээрийн түргэвчилсэн оношлуур, биеийн жин болон биеийн бүтэц дэх яс, булчингийн хэмжээг тодорхойлох тоног төхөөрөмж, шээсний олон үзүүлэлт бүхий туузан оношлуур, цусны даралт хэмжих стандарт ширээ, сандал, өндөр хүчин чадал бүхий сүүлийн үеийн компьютер, эрүүл мэндийн боловсрол олгох LCD дэлгэц, олон үйлдэлт өнгөт принтер багтжээ.
Ингэснээр сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн иргэдийн зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх, эрсдэлд суурилсан эрүүл мэндийн стандартчилсан зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох, эмчилгээний үр дүн, явцад хяналт тавьж ажиллах нөхцөл бололцоог хангаж буй юм.

ДЭМБ-ын дэмжлэгээр MOНГПЕН: “Халдварт бус өвчин /Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлагатай Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд нэвтрүүлэх загвар төслийг энэ оны 2 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймгийн 3 сум, 5 өрхийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн 8 өрхийн эрүүл мэндийн төв, нийт 16 төвд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг амжилттай хийж, тус төслийн нээлтийг ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал ноён Такеши Касайгийн Монгол Улсад айлчлах үеэр хийсэн юм.

Холбоотой мэдээ