Хүнсний ногоо 90.8 мянган тонныг хураан аваад байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-09 11:13:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн ордонд өчигдөр чуулсан Хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагчдын улсын зөвлөгөөнөөр хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалалтад хамтран ажиллах каластрын систем нэвтрүүлэх хэрэгтэй байгааг онцолж байв.

Мөн усалгаат тариалалт, эрчимжсэн аж ахуй хөгжүүлэхийг бодлогоор дэмжих шаардлагатай байгааг хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлэхдээ, “Өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй хэлбэр нь цаг уурын нөлөөллөөс аль болох хохирол бага амсан даван туулахад усалгаат тариалангийн талбайг нэмэгдүүлэх явдал юм” гэдгийг онцолж, эрчимжсэн аж ахуйн хөгжлийг хангах зорилт бол ерөөс дэвшилтэт техник технологид суурилах чухал байна гэв.


Тариалагчдын зүгээс ойрын хугацааны зорилтыг жимс жимсгэнийг дотооддоо зөвхөн ил талбайд тариалаад зогсохгүй, өвлийн хүлэмж барих шаардлагатай байгааг хэлж энэ тал дээр урт хугацаатай, хүү багатай санхүүжилтийн дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байв. Жимс жимсгэний тариалалтад үр, суулгацын чанар, хангамжийг сайжруулах, жимс жимсгэний суулгац үржүүлгийг нэмэгдүүлэх, борлуулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг бодлогоор дэмжих олон ажил хүлээж байна.


Жимс жимсгэний тариалалтын нийт талбайн 92 хувийг чацаргана, 4.5 хувийг үхрийн нүд, 3.2 хувийг алим, чавга, бөөрөлзгөнө зэрэг жимс жимсгэнэ эзэлж байна.

 

Манай улс жилд 20-25 мянган тонн жимс жимсгэнэ гадаадаас авч байна. 2025 он гэхэд жимс жимсгэний хэрэгцээний 10 хувийг, 2030 онд 15-20 хувийг дотоодоос хангахаар зорьж байна. Одоогоор манай улсад байгалийн болон тариалсан жимсээр дотоодын хэрэгцээний 7-8 хувийг хангаж байна.

Энэ онд манай улс 189 мянган тонн төмс, 8.3 мянган га талбайгаас 90.8 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байна. 2019 онд хүн амын хэрэгцээт төмсийг 100 хувь, хүнсний ногооны 40 хувийг дотоодын тариалалт, үйлдвэрлэлээр хангана. Жимс жимсгэний хувьд 6.4 мянган га талбайд тариалж 3 мянган тонн ургац хураан аваад байна. Энэ онд нийт талбайн 92 хувь нь чацаргана, 4.5 хувийг үхрийн нүд, 3.2 хувийг алим, чавга, бөөрөлзгөнө зэрэг жимс жимсгэнэ эзэлж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ