Зөвшилцлийн ажлын багийн саналын томьёоллоор санал хураав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-12 17:58:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг өнөөдөр үдээс хойш хуралдаж, Ард нийтийн санал асуулгаар зөвшилцөх, судлах ажлын багаас ирсэн саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв.


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах ажлын баг хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа нэгтгэж ирүүлснийг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд танилцуулсан юм. Зөвшилцлийн ажлын багаас ирсэн саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн, ажлын багийн гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн, ажлын багийн гишүүн Д.Лүндээжанцан санал хэлж, зарим тайлбар өгөв.  



Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах үүрэг бүхий ажлын багаас гарсан саналын томьёоллоор санал хураахад ажлын багийн хуралдаанд оролцсон есөн гишүүн санал нэгтэй дэмжив. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд “4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.” гэсэн агуулгатай 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэхээр тогтов. Уг саналыг ажлын багийн гишүүд дэмжсэнээр хууль хоорондын нийцлийг хангах үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж нэмэхээр болов.


Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийг төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулсан тогтолцоогоор явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэхийг ажлын багийн гишүүд санал нэгтэй дэмжлээ.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд эдгээр саналыг нэмж тусгахыг Ерөнхийлөгч болон Ардчилсан нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам дэмжиж байгааг зөвшилцлийн ажлын багийн ахлагч энэ үеэр хэллээ.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх юм.

Холбоотой мэдээ