Ж.Сайнзаяа: Аудитын дагуу төрийн байгууллагуудын хийсэн ажил хангалтгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-11-13 13:28:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хянах үүрэг хүлээн ажиллаж буй “Үнэн Хатамж” ТББ-аас өнөөдөр Нээлттэй нийгэм форумын байранд мэдээлэл хийлээ.

Тус ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа мэдэгдэхдээ, “Бид энэ онд ҮАГ-аас 49 жагсаалт бүхий санхүүгийн акт хүлээн авсан. Төсвийн буюу төрийн байгууллагуудтай холбоотой дээрх актуудын биелэлтийг дүгнэж үзэхэд 12 хувь нь 100 хувь, 17 хувь нь хэрэгжих шатандаа, 8 хувь нь ил тод бус, 63 хувь нь ямар үйл ажиллагаа авсан нь тодорхойгүй байна” гэв.


-Эдгээр үзүүлэлтийн цаана ямар зөрчил дутагдал ихэвчлэн гарч байна вэ?

-Байгууллагууд аудитын тайлан, үйл ажиллагааны явцын мэдээллээ шилэн дансанд тогтмол мэдээлэхгүй байна. Ингэснээр Төсвийн болон Шилэн дансны хуулиудыг зөрчиж байгаа юм.

-Тухайлбал, ямар заалтыг зөрчиж байна вэ?

-Шилэн дансны хуулийн 4-р зүйлд, “..мэдээлэл иж бүрэн байх, мөн ойлгомжтой байх”, мөн хуулийн 6-р зүйлийн 6.1.5-д “..аудитын тайлан, дүгнэлтэд тусгасны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаа”-гаа мэдээлэх ёстой ч эдгээр заалтыг хэрэгжүүлэхгүй байна.

-Хуулийг хэрэгжүүлэхийн тулд яаж ажиллаж байна вэ?

-Байгууллагууд мэдээллээ тавихгүй, ил тод бус, ҮАГ-аас хүргүүлсэн аудитын зөвлөмжийн дагуу хийсэн ажил нь хангалтгүй байгаа учир бид цаашид төрийн болон ТББ-уудтай нягт хамтран ажиллах шаардлагатай болж байна. Ер нь төсвийн буюу татвар төлөгчдийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, үр ашиг иргэн бүрт хамаатай тул энд хүн бүрийн оролцоо чухал юм. Тиймээс иргэдийг нийгмийн сүлжээний “Сайн аудит” нүүрт элсэж хамтран ажиллахыг уриалж байна гэв.


Тэрээр, 2017 онд байгууллагуудын  шилэн дансны мэдээлэл тааруу, ихэнхдээ мэдээллээ тавьдаггүй, нийцлийн болон гүйцэтгэлийн аудитыг хэрэгжүүлээгүй, ТОСК ТӨҮГ гэхэд аудитын дүгнэлтийн хэрэгжилт 100 хувийн биелэлттэй гэсэн хэр нь түүний дагуу хэрхэн ажилласан талаарх мэдээллийн ил тод байдал нь нойл байсан жишээг хэлж байлаа.

Орон нутгийн ганц жишээг дурдахад, Баянхонгор аймгийн Хүрээмарал болон Баянхонгор суманд Сум хөгжүүлэх сангийн 2017 оны санхүүгийн тайлангаар 13-96 сая төгрөгийн зээлийн хугацаа хэтэрч акт тогтоосон боловч "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 4.7-д заасан "Иргэн, хуулийн этгээд авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сангийн дансанд буцаан төлнө" гэсэн заалтыг зөрчсөн байна. Зарим актыг барагдуулсан эсэх талаар шилэн данс болон байгууллагын цахим хуудаст ил тод болоогүй байна.

2017 онтой харьцуулбал, 2018 болон 2019 онд байгууллагуудын шилэн дансны мэдээлэл харьцангуй сайжирсан гээд үүнд ИНЕГ болон Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд, цаг хугацаанд нь тогтмол мэдээлдэг гэж байлаа.


Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн байгууллагуудын ажлыг үнэлэх аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулах өнөөдрийн уулзалтад “Сэтгэлзүйн мэргэшил” ТББ-ын судлаач Б.Цэрэнханд, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал, мэргэшсэн дотоод аудитор С.Цэрэнпүрэв нар мөн оролцлоо. Дээрх ТББ-ууд нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээний гишүүн юм байна. 

Өнөөдрийн танилцуулах уулзалт Улсын төсвийг хэлэлцэн батлах гэж буй үеэр болж буйг оролцогч нар онцлохдоо, Төсвийн үр ашиггүй зарцуулалт болох дуусаагүй барилга үлдэх гээд байгаа тул УИХ-ын төсвийн байнгын хороо аудитын газраас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналтыг сайжруулахыг Сангийн сайдад зөвлөмөөр байна. 2020 оны төсвөө өмнөх оны зөвлөмжүүдээ хараад итгэл төрөхүйц, үр ашиг сайтай төсөв батлаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлж байлаа. 


Тодруулга: Санхүүгийн байдалд дүгнэлт өгч, баталгаа гаргах хараат бус мэргэжлийн үйлчилгээ болох аудитыг дотор нь санхүүгийн, нийцлийн, гүйцэтгэлийн гэж 3 ангилдаг байна.

Санхүүгийн тайлангийн аудит нь нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайланг тогтоосон журмын дагуу хийж буй эсэхийг шалгаж дүгнэдэг бол нийцлийн аудит нь удирдах дээд байгууллагаас гаргасан дүрэм журам, тусгай горимыг мөрдөж буй эсэхийг шалгаж тогтоодог хяналтын хараат бус хэлбэр юм байна. Харин гүйцэтгэлийн аудитаар аж ахуйн үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг үнэлж дүгнэдэг юм.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ