Хуулиар тогтоосон доод хэмжээгээр татвар төлөх санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-13 22:04:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын иргэний танхимд тодорхой байршилд байрлахгүй үйл ажиллагаа явуулдаг иргэдийн сард төлөх албан татварын хувь хэмжээг тогтоох саналын талаар хэлэлцүүлэг боллоо.

Булган суманд ачаа тээврийн болон зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон хувиараа тээвэр хийдэг 30 шахам иргэд тус хэлэлцүүлэгт оролцож татварын хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувиар тооцож төлдөг байх саналыг дэмжлээ. Хэлэлцүүлэгт оролцсон ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мэндсайхан, Д.Очирбат, төлөөлөгч Д.Баярмагнай нар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хуралдаанд уламжлахаар шийдвэрлэсэн гэж иргэний танхим хариуцсан ажилтан Ч.Ариун ярилаа.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй, ил задгай худалдаа эрхлэгч иргэн, хувиараа зорчигч тээврийн болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэн хувь хүний сард төлбөл зохих албан татварын хувь хэмжээг аймгийн ИТХ тогтоох юм. Ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь, харин хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд байхаар хуульчилсан байна.

Холбоотой мэдээ