“Apple” компани шинэ “MacBook Pro” танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-11-14 08:22:21

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн “Apple” компани 16 инчийн "Retina" дэлгэцтэй,  шинэчлэгдсэн  “Magic Keyboard” гартай шинэ MacBook Pro компьютероо танилцуулжээ. Тус компанийн мэдээлснээр, зөөврийн компьютер 80 хувиар илүү хурдан ажилладаг байна. 


“Шинэ MacBook Pro нь 16 инчийн гайхамшигтай "Retina" дэлгэц, 64 ГБ хүртэлх санах ойтой хамгийн сүүлийн үеийн 8 цөмт процессор, 8 ГБ–ийн видео санах ой бүхий шинэ үеийн график процессор, шинэ дэвшилтэт хөргөлтийн системээр тоноглогдсон. Энэ бол түүхэн дэх хамгийн хүчтэй MacBook Pro юм” гэж “Apple” компанийн мэдээлэлд онцолжээ.


Уг компьютер нь дахин цэнэглэхгүйгээр илүү удаан ажиллах боломжтой /100 Вт ∙ цаг/ бөгөөд зургаан чанга яригч системээр тоноглогдсон, "Touch Bar", "Touch ID" мэдрэгч, "Force Touch" хяналтын самбар болон "Apple T2 Security Chip" чиптэй байна. Түүнчлэн 6 эсвэл 8 цөмт 9 дэх үеийн процессорууд, 5.0 ГГц хүртэлх "Turbo Boost" хурдатгалын ачаар компьютерын гүйцэтгэл 4 цөмт процессортой, 15 инчийн MacBook Pro-тэй харьцуулахад 2.1 дахин нэмэгдсэнийг онцолсон байна.


Шинэ “MacBook Pro”-д 7 нм технологийг ашиглан бүтээсэн анхны мэргэжлийн гар утасны дискрет график процессор болох 5000M серийн шинэ "AMD Radeon Pro" процессор суурилуулжээ. Үүнээс гадна, 8 ГБ –ийн "GDDR6" видео санах ойг шинэ компьютер дээр анх удаа ашиглах боломжтой. "SSD" дискний хүчин чадал нь стандарт тохиргоонд 512 ГБ, 1 ТБ хүртэл нэмэгджээ. Үүнээс гадна, "MacBook Pro" дээр анх удаа 8TB-ийн "SSD диск" суулгаж болно.


Шинэчилсэн "MacBook Pro"-г компанийн цахим хуудсаар болон "Apple Store" аппликейшнээр дамжуулан захиалах боломжтой байна.


Холбоотой мэдээ