Ч.Нэргүй: Зээл авахаас гадна компаниа удирдахад суралцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар
/МОНЦАМЭ/. ХААН банкны
харилцагч ЖДҮ эрхлэгч нар тус банкны “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсан үр дүнгээ
танилцууллаа. Танилцуулах уулзалт нь хэлэлцүүлэг хэлбэрээр болсноороо зээлдэгч
болон харилцагч нар үр дүнгээ харилцан солилцох боломжийг олгосон юм.
Хэлэлцүүлэг уулзалтад хамгийн холоос ирээд буй харилцагчдын нэг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын тариалан эрхлэгч, “Энхбулган” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Нэргүйтэй уулзсан юм.
-Хэзээ ХААН банкны харилцагч болов?
-Ер нь бол манай аж ахуй
анх 1996 оноос Хөдөө аж ахуйн банк гэж байхад харилцаж эхлэн хөрөнгө хүртэл
оруулж байсан. Одоогийн ХААН банкны “Хөгжлийн хөтөлбөр”-т 2018 онд хамрагдсан. Өмнө нь харилцагч байсны хувьд,
удаалаад зээлдэгчийн хувьд хөтөлбөрт хамрагдсан.
-“Хөгжлийн хөтөлбөр”-т оролцоод танай компанийн хувьд
ямар үр дүн гарав?
-Өмнө нь тариагаа л тарьж хураахаас биш компани, ААН-ийг удирдан ажиллуулах арга барилд ном ёсоор нь суралцаж байсангүй. Компани үйл ажиллагааны зорилт, стратеги төлөвлөлтөө эхлээд гаргаж, түүндээ ажлаа чиглүүлж явах зарчмаас суралцлаа. Мөн компанийн засаглал гэж бизнес эрхлэхэд их чухал юм байдгийг мэдэж, ойлгож авсан. Нэг ёсондоо бид зээл авч эргэлтийн хөрөнгөтэй болохоос гадна компани, ААН-ийн удирдлагад суралцан, ХААН банкны өгөөжийг хүртэж байна.
“Энхбулган” ХХК-ийн хувьд хуучнаар Эгүүрийн САА-н буйран дээр анх тариалалтаа эхэлсэн үе дамжиж буй тариаланч хамт олон юм. Газар тариалан эрхлэхээс гадна сүүлийн жилд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулах болсноор эргэлтийн хөрөнгө хэрэгтэй болж, мөн компаниа шинэ түвшинд удирдах шаардлага урган гарчээ. Бизнесийн эдгээр шаардлагыг хангах боломжийг ХААН бүрдүүлж өгсөнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Учир нь тус банкны “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсанаар бизнес эрхлэгчид аж ахуй хөтлөх сургалтад сууж бизнес, санхүүгийн талаар гол ойлголтуудаа баталгаажуулж, менежмент, багийн ажиллагаа, санхүү төлөвлөлт зэрэгт суралцаж байна. Тэдэнд ХААН банкны бизнесийн зөвлөхүүд болон Монгол Улсын мэргэшсэн зөвлөхүүд сургалт явуулж, зөвлөгөө өгч байгаа юм.
ХААН банкны “Хөгжлийн
хөтөлбөр”-т хамрагдагсдын нэг өндөглөгч тахианы фермийн аж ахуй эрхлэж, мөн
тэжээл үйлдвэрлэж буй “Могул ферм” ХХК-ийн захирал Ц.Билэгдэмбэрэл хэлэхдээ, “Бид
үйлдвэрлэлээ өргөтгөхөөр санхүүгийн үйлчилгээ авахаас
гадна Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай холбогдон зөвлөгөө авсан" гэж байв.
Тус ферм ХААН банкны
харилцагч, зээлдэгч болсноор үйлдвэрлэлээ 2 дахин өргөжүүлж чаджээ.
Борлуулалтын орлого 20, ашиг ажиллагаа 25, ажлын байр 15 хувиар нэмэгдсэнийг
тэрээр танилцуулж байлаа.
Энэ онд ХААН банкны "Хөгжлийн хөтөлбөр"-т 31 ААН-ийн 60 гаруй бизнес эрхлэгч
хамруулаад байна. ЖДҮ бизнес эрхлэгчдэд зориулсан “Хөгжлийн хөтөлбөр” ирэх онд
илүү өргөжин орон нутагт хүрээгээ тэлж ажиллана гэдгийг ХААН
банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвийн захирал Т.Хулан хэлж байна.
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал