Ховд аймгийн сургуулийн өмнөх боловсролын салбарынхан зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-17 22:45:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Сургуулийн өмнөх боловсролын салбарын анхдугаар зөвлөгөөн 11 дүгээр сарын 17-нд “Сургуулийн өмнөх боловсрол-хүний хөгжилд нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд өрнөв. 

Зөвлөгөөнийг Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нээж үг хэлсэн бөгөөд сургуулийн өмнөх боловсролын салбарын түүхэн хөгжил, өнөөгийн бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар танилцууллаа.

Монгол Улсад тэртээ 1930 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын суурь тавигдсан бол Ховд аймагт 1944 онд анхны цэцэрлэг байгуулжээ. Жил бүр орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын салбарын үйл ажиллагаа өргөжихийн зэрэгцээ цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо нэмэгдэж байна.

Тодруулбал, Ховд аймагт 1995 онд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 11 хувь байсан. Өдгөө 2019 оны байдлаар төрийн өмчийн 32 цэцэрлэгт 7121, хувилбарт сургалтаар 720 хүүхэд суралцаж, хүүхдийн хамралт 81.9 хувьд хүрсэн гэж албаны эх сурвалж хэллээ.

Ховд аймгийн сургуулийн өмнөх боловсролын салбарт одоогийн байдлаар 860 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнд 17 сумын 40 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилтнуудын төлөөлөл 300 орчим хүн оролцож байна.

Тэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож байгаагаараа онцлогтой.

Хүүхдийн хөгжил, төлөвшил бага наснаас эхлэлтэй. Тиймээс бага насны хүүхдийн сэтгэн бодох болон сурах арга барилыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ая тухтай орчин бүрдүүлэх, эрүүл мэнд, хөдөлгөөн, тоглох үйлийг дэмжсэн эерэг харилцаа, хандлагыг бий болгоход анхаарах нь зүйтэй болохыг зөвлөгөөнд оролцогчид онцлон хэлж байлаа.   

Мөн цаашид хүүхдийн хөгжилд эцэг эх, олон нийтийн оролцоог өргөжүүлэх боломж, бага насны хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийн үзүүлэлт, үнэлэх арга зам, хоолны амт-чанар, эрүүл мэнд, багш ажилтны ёс зүй ба хандлага гэсэн таван чиглэлд анхаарч ажиллахаар санал нэгдэж, тодорхой зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр болсон юм. 

Зөвлөгөөний үеэр БСШУСЯ-ны жуух бичиг, Боловсролын тэргүүний ажилтан, аймгийн ИТХ, Засаг даргын хүндэт өргөмжлөл зэрэг шагналаар 20 орчим багш, ажилтанг шагнаж урамшуулав.

 

Холбоотой мэдээ